TikTok формат: ESL тэмцээнүүдээ босоо хэлбэрээр шууд дамжуулж эхэллээ

by Саруул Батболд
0 comments

“ESL FACEIT Group” компани “TikTok” платформтой стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Үүний хүрээнд тус операторын зохион байгуулж буй кибер спортын тэмцээнүүдийг TikTok-оор шууд дамжуулах юм. Энэхүү хамтын ажиллагааны нээлт саяхан болж өнгөрсөн “IEM Atlanta” тэмцээний үеэр болж, шинэ форматыг анх удаа үзэгчдэд танилцуулжээ.

Энэ нь зүгээр нэг энгийн дамжуулалт биш бөгөөд гар утасны хэрэглэгчдэд тусгайлан зориулж бэлтгэсэн босоо график, оверлей (overlay — дэлгэцийн нэмэлт мэдээлэл) болон продакшны элементүүдийг багтаасан байна. Түүнчлэн, “ESL FACEIT Group”-ийн зүгээс тус платформд зориулсан тайзны ардах онцгой контент болон тусгайлан бэлтгэсэн хайлайтуудыг (тоглолтын шилдэг агшнууд) хүргэхээ амлаж байна.

Уг шийдвэр нь гар утасны аудитори (үзэгчид) өсөн нэмэгдэж байгаатай холбоотой юм. “SQ Magazine”-ий гаргасан судалгаагаар дэлхийн нийт кибер спорт үзэгчдийн 56 хувь нь тэмцээнийг гар утсаараа үздэг байна.

Энэ нь “ESL FACEIT Group”-ийн хувьд сүүлийн саруудад байгуулж буй шууд дамжуулалтын хоёр дахь томоохон гэрээ юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэд “Kick” платформтой тохиролцоонд хүрсэн бөгөөд үүний хүрээнд “ESL Challenger League” тэмцээнүүдийг тус талбарт онцгой эрхтэйгээр дамжуулж байгаа билээ.

Хариуд нь “TikTok” платформын зүгээс ESL-ийн контентуудыг идэвхтэй сурталчлах бөгөөд өөрийн сурталчилгааны хэрэгслүүд болон гейминг контент бүтээгчдийн сүлжээнд нэвтрэх эрхийг олгох аж. Ингэснээр стримерүүд кибер спортын тэмцээнүүдийг хамтран дамжуулах (co-stream) боломжтой болно.

Талуудын байр суурь

“ESL FACEIT Group”-ийн Сурталчилгаа, түгээлт хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Стив Форд энэхүү гэрээний талаар дараах сэтгэгдлийг үлдээжээ:

“TikTok-той хамтран ажиллах болсон нь кибер спортын дамжуулалтын хөгжилд чухал алхам болж байна. IEM Atlanta тэмцээнээр нээлтээ хийсэн энэхүү тусгайлан бэлтгэсэн босоо формат нь гар утасны үзэгчдэд шинэ боломжийг олгож байгаа бөгөөд шүтэн бишрэгчид маань манай тэмцээнүүдийг үзэж, харилцан ажиллах арга замыг улам бүр өргөжүүлж байна.”

“TikTok Gaming”-ийн Глобал үйл ажиллагаа хариуцсан дарга Лангер Ли мөн хамтын ажиллагааны талаар онцолсон байна:

“Шинэ ‘TikTok for Gaming’ платформын тусламжтайгаар бид геймингийн салбарын шилдэг түншүүдийг өөрсдийн аудиторитойгоо илүү хурдан холбогдоход нь тусалж байна. ESL FACEIT Group энэхүү алсын харааг бодит болгож байна. Тэд кибер спортыг манай олон нийтэд үнэхээр таалагддаг интерактив хэлбэрт шилжүүлж, контент бүтээгчид, тоглогчид болон шүтэн бишрэгчдийг нэг дор нэгтгэж байна.”

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй