Rockstar Games компани тоглоомын салбарын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд зориулж “Grand Theft Auto VI” тоглоомын хаалттай урьдчилсан үзүүлбэрийг зохион байгуулж эхэлжээ. Энэ талаар “Insider Gaming”-ийн сэтгүүлч Том Хендерсон өөрийн эх сурвалжид үндэслэн мэдээлсэн байна.
Тус хэвлэлд дурдсанаар, сэтгүүлчид болон шүүмжлэгчид тоглоомын анхны сэтгэгдэл, нийтлэлүүдийг бэлтгэх зорилгоор эрт эхлүүлж тоглох эрх авсан байж магадгүй юм. Сураг сонсвол эдгээр мэдээллийг 2026 оны 8-р сарын 27-нд Netflix платформ дээр нээлтээ хийх “Grand Theft Auto VI: An Extended Look” нэвтрүүлэгтэй тохируулан нийтлэх гэнэ. Энэ нь сурталчилгааны шинэ давалгааг эхлүүлж магадгүй бөгөөд Rockstar ч мөн албан ёсны вэбсайтдаа Extended Look-ийг тус өдөр гаргахаар зарлаад байгаа билээ.
Энэ мэдээлэлтэй бараг зэрэгцэн нийгмийн сүлжээ болон форумуудаар GTA 6-ийн тоглох явцын (gameplay) хэсгээс задарсан гэх бичлэгүүд олноор цацагдаж эхлэв. Нийтэлсэн хүмүүсийн мэдээлж байгаагаар эдгээр нь томоохон мэдээлэл алдагдсаны улмаас сүлжээнд орсон гэнэ. Гэвч “Insider Gaming” эдгээр бичлэгийг хэвлэлийнхэнд зориулсан үзүүлбэртэй холбоотой гэдгийг баталгаажуулж чадаагүй бөгөөд 2022-2023 оны хуучин туршилтын хувилбар (build) байх өндөр магадлалтай гэж үзэж байна.
Батлагдаагүй эх сурвалжийн мэдээлснээр, мэдээлэл алдагдуулсан этгээдүүд тоглоомыг зөвхөн дижитал хэлбэрээр, дискгүй гаргах гэж байгааг эсэргүүцэх зорилгоор бичлэгүүдийг нийтэлжээ. Бусад эх сурвалжууд энэ хэрэгт халагдсан ажилтнууд холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Мэдээлэл алдагдуулсан этгээд өөрөө 2026 оны 8 дугаар сарын 20-нд шилжих шөнө шинэ бичлэгүүд задруулахаар бэлтгэж байгаагаа мэдэгджээ.