Dota 2-ын BLAST SLAM IX тэмцээн 11-р сарын 20-нд эхэлж, 29 хүртэл үргэлжилнэ. Тэмцээн түүхэндээ анх удаа бүхэлдээ онлайн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд зохион байгуулагчид оны төгсгөлд багуудын хуваарийн ачааллыг бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргаснаа тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ BLAST цаашид LAN тэмцээн зохион байгуулахаас татгалзаагүй гэдгээ онцолсон байна. BLAST SLAM IX-д нийт 16 баг оролцох бөгөөд 12 нь шууд урилга авч, дөрөв нь сонгон шалгаруулалтаар эрхээ авсан байна.
BLAST SLAM IX-ийн хуваарь
Хэсгийн шат 11-р сарын 20–23-нд явагдах бөгөөд 11-р сарын 24-нд эрэмбэ тогтоох болон сүүлчийн боломжийн шат болно. Харин плей-оффын тоглолтууд 11-р сарын 26–29-нд зохион байгуулагдана.

Оролцогч 16 багийг тус бүр дөрвөн багтай дөрвөн хэсэгт хуваана. Хэсгээ тэргүүлсэн багууд эрэмбэ тогтоох шатанд тоглох бөгөөд тэнд ялсан багууд шууд хагас шигшээд шалгарч, хожигдсон багууд плей-оффыг шөвгийн наймаас эхлүүлнэ.
Хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багууд сүүлчийн боломжийн шатанд шөвгийн наймын эрхийн төлөө өрсөлдөнө. Эдгээр бүх тоглолт best of 3 буюу хоёр хожил авсан баг ялах форматаар явагдана.
Плей-офф Double Elimination системтэй
Плей-офф Double Elimination буюу доод хүснэгттэй системээр зохион байгуулагдана. Ихэнх тоглолт хоёр хожил хүртэл үргэлжлэх бол их финал гурван хожил авсан баг тодрох хүртэл явагдана.
Ингэснээр нэг удаа хожигдсон баг тэмцээнээс шууд хасагдахгүй бөгөөд доод хүснэгтээр дамжин аваргын төлөө өрсөлдөх боломжтой хэвээр үлдэнэ. Харин хоёр дахь ялагдал нь тухайн багийн тэмцээнийг дуусгана.

Аварга 270 мянган ам.доллар авна
Шагналын сан өмнөх BLAST SLAM тэмцээнээс өөрчлөгдөөгүй байна. BLAST SLAM IX-ийн аварга 270 000 ам.долларын шагнал хүртэх бөгөөд үлдсэн мөнгийг бусад багт эцсийн байрнаас нь хамааран хуваарилна. BLAST SLAM IX 11-р сарын 20-29-нд бүхэлдээ онлайн хэлбэрээр явагдана. Тэмцээнд 16 баг оролцож, аварга нь 270 мянган ам.долларын шагнал хүртэнэ.