“PGL Cluj-Napoca 2027” тэмцээнийг албан ёсоор зарлалаа

by Саруул Батболд
0 comments

Тэмцээн зохион байгуулагч PGL-ээс ирэх оны 2 дугаар сарын 11-нээс 21-ний хооронд зохион байгуулагдах “PGL Cluj-Napoca 2027” тэмцээнийг зарлалаа. Уг арга хэмжээний хүрээнд сонгон шалгаруулалтын тоглолтууд явагдахаас гадна өндөр чансаатай багуудыг татах тусгай урамшууллыг санал болгож байна.

Тэмцээний нийт шагналын сан 1.3 сая ам.доллар байх бөгөөд үүнээс гадна VRS чансааны шилдэг таван багт зориулсан 300,000 ам.долларын нэмэлт урамшууллыг тусад нь төсөвлөжээ. Энэ нь дэлхийн шилдэг багуудыг нэгэн зэрэг болох бусад арга хэмжээнүүд рүү биш, харин тус аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах нэг төрлийн хөшүүрэг болж байгаа юм.

Тэмцээнд нийт 16 баг өрсөлдөх бөгөөд тэдний 14 нь VRS чансаанд эзэлж буй байр сууриараа шууд урилга авна. Харин үлдсэн хоёр эрхийн төлөө Европын бүсийн хаалттай сонгон шалгаруулалт явагдах ажээ. Энэхүү шинэ арга барил нь бүх оролцогчдыг зөвхөн чансаагаар тодруулж байсан өмнөх Клуж-Напокагийн арга хэмжээнүүдээс ялгарч байна.

Сонирхуулахад, 2026 онд болсон “PGL Cluj-Napoca” тэмцээнд VRS чансааны шилдэг 16 баг уригдан оролцож байсан юм. Тухайн үед “Team Vitality” шигшээ тоглолтод “PARIVISION” багийг буулган авснаар 225,000 ам.долларын шагнал хүртэж, аваргын цомыг өргөж байсан билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй