League of Legends-ийн Европын “LEC” лигийн зохион байгуулагчид киберспортын “Karmine Corp”, “Movistar KOI” багууд болон тоглогч Жозеф “Jojopyun” Пюнд сахилгын шийтгэл оноосноо зарлалаа. Энэхүү шийдвэр нь Мадрид хотод болсон “LEC Roadtrip Madrid” аялан тоглолтын үеэр тэдний гаргасан зүй бус үйлдэл, зан авиртай холбоотой юм.
EMEA-гийн албан ёсны шийтгэлийн бүртгэлийн (EMEA Penalty Tracker) мэдээллээр, “LEC лигийн багийн гишүүний статуст үл нийцэх авир гаргасан” гэх үндэслэлээр уг шийдвэрийг 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр баталжээ. Оноосон бүх сануулга болон санхүүгийн торгуулийн арга хэмжээ 2027 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үргэлжлэх аж.
Оноосон шийтгэлүүд:
- Movistar KOI — Албан ёсны сануулга болон 5,000 еврогийн торгууль.
- Karmine Corp — Албан ёсны сануулга болон 5,000 еврогийн торгууль.
- Jojopyun (Movistar KOI) — Албан ёсны сануулга болон 2,000 еврогийн торгууль.
Хэрэг явдлын шалтгаан
Клубуудад оноосон торгууль нь Мадридын арга хэмжээний үеэр тус хоёр багийн ерөнхий захирал болох Kameto (Karmine Corp) болон Ibai (Movistar KOI) нарын гаргасан ерөнхий зан авираас үүдэлтэй ажээ.
Харин хувийн сахилга бат алдсан тохиолдлын тухайд, “Movistar KOI” багийн тоглогч Jojopyun тоглолтын завсарлагаар шууд дамжуулалтын албан ёсны микрофоноор “Karmine Corp” багийн хаягаар бүдүүлэг, доромж үг хэлж, түрэмгий авирласан тул ийнхүү хувьд нь торгууль ногдуулсан байна.