Монголын цахим спортын түүхийг дэлхийн тавцанд шинээр бичиж буй “The MongolZ” багийн довтолгооны гол хөдөлгүүр, эрч хүчний ундарга бол Б.Аюуш буюу “mzinho” билээ. Баг хамт олондоо үргэлж эерэг уур амьсгал, урам зориг бэлэглэдэг тэрбээр хамгийн залуу тоглогч хэдий ч өдгөө олон улсын тавцанд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг рифлер (rifler) болоод байна. Нас залуу, сэтгэл хөдлөл өндөртэй хэдий ч кибер талбарт гайхалтай тэвчээр, сахилга баттай тоглолтыг үзүүлдэг нь түүний гол давуу тал юм. Тэрбээр багийн ахлагчийн тактикийг нарийн мөрдөж, хэрэгцээтэй үед entry fragger-ээ нөхөж аллага хийхээс гадна гранатын тусламжтайгаар дайралтыг төгс дэмждэг.
Ялангуяа хамгаалалтын (CT) талд “анкор” үүргийг маш өндөр түвшинд гүйцэтгэж, өрсөлдөгчийн довтолгоог ганцаараа хаах чадвартай нь түүний тоглолтоос харагддаг. Энэ нь түүний ганцаараа үлдсэн үеийн (clutch) гайхалтай амжилтаас бэлхнээ батлагдах бөгөөд 2026 онд тунаж үлдсэн 25 clutch нөхцөл байдлын 21-ийг нь ялалтаар дуусгаж чаджээ. Түүний 2026 оны рифлер статистик үзүүлэлтүүдийг дурдвал:

- HLTV 3.0 рейтинг: 1.03 (T тал – 1.02, CT тал – 1.04)
- Round swing (Үе бүрд үзүүлэх нөлөө): +0.21%
- DPR (Үе бүрд үхсэн дундаж): 0.69
- KAST (Туслалцаа, амьд үлдсэн хувь): 70.3%
- Multi-kill rate (Дараалсан аллагын хувь): 16.3%
- ADR (Үе бүрд учруулсан дундаж хохирол): 71.5
- KPR (Үе бүрд хийсэн дундаж аллага): 0.66
Мэргэн буучийн хувьд AK-47 болон M4A1 буунуудыг голлон ашигладаг бөгөөд түүний замналын хамгийн оргил үе “Perfect World Shanghai Major 2024” тэмцээнд 1.41 рейтингтэйгээр тохиосон юм. Энэ улирлын тухайд “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнд “paiN Gaming”-ийн эсрэг “Mirage” мап дээр 2.43 рейтинг авч шуугиулсан бол “IEM Krakow 2026” тэмцээний “Dust2” мап дээр “G2” багийн эсрэг 0.35 рейтинг авсан нь хамгийн тааруу үзүүлэлт байв. Түүнчлэн 2026 онд “Spirit” багийн эсрэг хамгийн өндөр буюу 1.85 рейтингтэй тоглосон бол хамгийн хэцүү өрсөлдөгч нь “G2” (0.51 рейтинг) байсныг HLTV баримтжуулжээ.
Б.Аюушийн мэргэжлийн замнал 2022 оны наймдугаар сард “The MongolZ” багт туршилтын журмаар элссэнээр эхэлсэн түүхтэй. Улмаар 2023 оны тавдугаар сард өөрийн төрсөн ах Б.Баатархүү буюу “Bart4k”-ийн халааг авч, үндсэн бүрэлдэхүүнд албан ёсоор нэгдсэн юм. Түүнийг ирснээр баг нь эрчтэй урагшилж, “YaLLa Compass 2024”, “Thunderpick World Championship 2024” тэмцээнүүдэд түрүүлэн, “PGL Major Copenhagen 2024” болон “Perfect World Shanghai Major 2024” зэрэг дэлхийн хэмжээний мажоруудад тоглох эрхээ авсан билээ.
Амжилтын буухиа 2025 онд үргэлжилж, олон улсын “1xBet” брэндийн ивээн тэтгэдэг тус баг “BLAST.tv Austin Major 2025“-аас мөнгө, “Esports World Cup 2025“-аас алтан медаль хүртсэн төдийгүй Intel Extreme Masters (IEM) тэмцээн бүрийн плей-оффт шалгарсан юм. Ийнхүү зүтгэсний үр дүнд 2025 оны намар Ази тивийн түүхэнд анх удаа “Valve” болон “HLTV”-ийн дэлхийн чансааг тэргүүлж, дэлхийн номер нэг баг болж чадсан юм.

Залуу тамирчны ард түүнийг үргэлж дэмждэг гэр бүл нь байдаг бөгөөд анх “CS” тоглох компьютерыг нь эмээ нь банкны зээл аван авч өгч байсан гэдэг сэтгэл хөдөлгөм түүх бий. Тэрбээр өдгөө дөнгөж 18 настай ч карьертаа 500,000 ам.долларын шагнал хүртэж, хэд хэдэн нэр хүндтэй цомыг өргөөд амжжээ. Одоо түүний дэлхийн супер од гэдгийг бүрэн батлах цорын ганц зүйл бол анхны “MVP” (Үнэ цэнтэй тоглогч) медаль бөгөөд Монголын кибер спортын түүхэнд энэхүү баярт мөч тун ойрхон байгаа гэдэгт фэнүүд нь эргэлзэхгүй байна.