“KRAFTON” компани удахгүй болох “PUBG Global Championship” (PGC) 2026 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг зарлалаа. Энэхүү нэр хүндтэй тэмцээн Турк улсын Стамбул хотноо арванхоёрдугаар сарын 1-нээс 13-ны хооронд зохион байгуулагдахаар товлогджээ.
Тэмцээний үндсэн шагналын сан 1.5 сая ам.доллар байх бөгөөд уламжлал ёсоор хөгжөөн дэмжигчдийн краудфандинг (crowdfunding — олон нийтийн санхүүжилт)-ийн тусламжтайгаар энэхүү дүн нэмэгдэх юм. Гэвч энэ жил зохион байгуулагчид нэгэн чухал шинэчлэлт оруулсан нь олон нийтийн санхүүжилтээс цугларсан мөнгийг зөвхөн шигшээ тоглолтын шилдэг 8 (топ-8) багт хуваарилахаар болжээ. Үндсэн шагналын сангийн 1,310,000 ам.долларыг эцсийн чансааны баталгаат төлбөр болгон олгох бол үлдсэн 190,000 ам.долларыг тоглолтын шилдэг агшнуудад зориулсан тусгай шагнал болгон урамшуулах аж.
Энэ жил “KRAFTON” компани тэмцээний сонгон шалгаруулах системийг үндсээр нь шинэчилсэн байна. Багуудын улирлын турш үзүүлсэн амжилт нь тэдний PGC тэмцээнийг аль шатнаас эхлүүлэхэд шууд нөлөөлөх бөгөөд энэ нь бүс нутгийн тэмцээнүүдийн ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байгаа юм.
Дэлхийн аваргад өрсөлдөх нийт 32 эрхийг бүс нутгуудад дараах байдлаар хуваарилжээ:
- Глобал квот (PGS): 8 слот
- Америк, Хятад, EMEA (Европ, Ойрхи Дорнод, Африк): бүс тус бүрт 4 слот
- Өмнөд Солонгос, Таиланд, Вьетнам: улс тус бүрт 3 слот
- APAC (Ази, Номхон далай): 2 слот
- Wildcard: 1 слот (зохион байгуулагч оронд олгох тусгай урилга)
Багууд улирлын онооноосоо хамааран тэмцээний өөр өөр шатанд хуваарилагдана. Шилдэг найман баг Гранд-финалд шууд оролцох урилга авна. Дараагийн найман баг замаа “Survival Stage” (Амьд үлдэх шат)-ны эхний өдрөөс эхлүүлэх бол үлдсэн 16 баг урьдчилсан шатнаас эхлэн хүч үзэх шаардлагатай.
“PGC 2026” тэмцээний формат нь дараах гурван үе шатаас бүрдэнэ:
- Урьдчилсан шат (1-р сарын 1): Эхний өдөр 16 баг дараагийн шатанд шалгарахын төлөө өрсөлдөнө. Шилдэг 8 баг нь “Survival Stage”-ийн эхний өдөр рүү шилжих бол доод найман баг нь “Survival Stage”-ийн хоёр дахь өдөр рүү илгээгдэнэ.
- Амьд үлдэх шат (Арванхоёрдугаар сарын 2–6): 16 багийн өдөр тутмын тоглолтууд явагдана. Эхний дөрвөн өдрийн турш өдөр бүрийн тэргүүлэгч баг шигшээ тоглолтын эрхээ шууд авна. Сүүлчийн буюу тав дахь өдөр үлдсэн оролцогчид шигшээ тоглолтын сүүлийн 4 эрхийн төлөө өрсөлдөх юм.
- Гранд-финал (Арванхоёрдугаар сарын 11–13): Тэмцээний оргил хэсэг бөгөөд дэлхийн хамгийн шилдэг 16 баг шийдвэрлэх 15 тоглолт хийнэ. Энэхүү шигшээ цувралын үр дүнгээр “PUBG Global Championship 2026” тэмцээний цомын эзэн тодорно.