Олон улсын цахим спортын холбоо (IESF)-ноос World Esports Championship 2026 тэмцээн 2026 оны арванхоёрдугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд Индонез улсад болно гэж мэдэгдлээ. Тус улс 2016 болон 2022 оны тэмцээнүүдийн дараа гурав дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авах гэж байна.
WEC26 тэмцээнд 110 гаруй үндэсний холбооны 500 гаруй тамирчин цугларах төлөвтэй байна. Оролцогчид өөрсдийн үндэсний шигшээ багаа төлөөлөн олон улсын дэвжээнд өрсөлдөх юм.
Аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт таван тоглоомын хүрээнд тэмцээний долоон ангилал багтжээ:
- Counter-Strike 2 — Open болон Women;
- Dota 2;
- Mobile Legends: Bang Bang — Open болон Women;
- PUBG Mobile;
- eFootball.
Зарим төрлүүдийн хувьд оролцогчдын бүрэлдэхүүнийг өмнөх урьдчилсан шатны тэмцээнүүдийн үр дүнгээр тодорхойлсон байна. Тухайлбал, CS2, Dota 2 болон PUBG Mobile төрлүүдэд WEC25-ын урьдчилсан шатны үр дүнг ашиглаж байгаа бол eFootball-ийн хувьд WEC24-ийн сонгон шалгаруулалтыг ашиглаж байна. Харин MLBB төрөлд оролцогчдыг IESF-ийн чансааны системийн дагуу тодорхойлно.
Үндсэн хөтөлбөрөөс гадна зохион байгуулагчид нэмэлт урилгын тэмцээнүүдийг төлөвлөж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дараа зарлах аж.
Индонез улс өмнө нь 2016 болон 2022 онуудад WEC-ийг зохион байгуулж байв. 2022 онд тэмцээн Бали аралд болж байсан бөгөөд ийнхүү дөрвөн жилийн дараа аварга шалгаруулах тэмцээн тус улсад эргэн ирж байна.
WEC26 тэмцээний үеэр мөн IESF-ийн Ээлжит ерөнхий хурал (Ordinary General Meeting) болох бөгөөд үүнд үндэсний 152 холбооны төлөөлөгчид оролцохоор хүрэлцэн ирнэ.
Одоогоор IESF тэмцээн болох тодорхой хот, арена, бүрэн хуваарь болон улсуудад олгох квотын хуваарилалтыг хараахан мэдээлээгүй байна. Эдгээр дэлгэрэнгүй мэдээлэл ойрын долоо хоногуудад тодорхой болох төлөвтэй байна.