Цахим спортын “BLAST” байгууллагаас “BLAST Rivals Hong Kong 2026” тэмцээний шинэ цомоо албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Энэхүү цом нь цэвэр алтан оруулгатайгаараа онцлог бөгөөд одоогийн байдлаар Гонконг хотоор аялан үзэсгэлэн болон дэлгэгдэж байна.
“BLAST Rivals Hong Kong 2026” тэмцээн нь 2026 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд Гонконгийн Чхеклапкок бүсэд зохион байгуулагдахаар товлогджээ. Түүнчлэн энэхүү тэмцээн нь энэ жил “M Mark event” форматаар эргэн ирж байгаа бөгөөд нийт шилдэг найман баг аваргын төлөө өрсөлдөх юм.
Оролцох багуудын урьдчилсан таамаг
Одоогоор зохион байгуулагчид оролцох багуудын албан ёсны жагсаалтыг дэлгээгүй байгаа ч VRS чансаанд үндэслэсэн таамгаар Spirit, Vitality, MOUZ, G2, Falcons, FURIA, Legacy болон FUT багууд уригдах өндөр магадлалтай байна. Зохион байгуулагчдын зүгээс хөгжөөн дэмжигчдийг Гонконгт хүрэлцэн ирэхийг урьж, ирэх арваннэгдүгээр сард эргэн уулзахаа амлалаа.