Esports World Cup 2026-ийн League of Legends тэмцээний формат зарлагдлаа

by Саруул Батболд
0 comments

16 баг 2 сая долларын төлөө өрсөлдөнө

Esports World Cup 2026-ийн хүрээнд болох League of Legends-ийн S-Tier тэмцээний үндсэн мэдээлэл тодорхой боллоо. Тэмцээн 2026 оны 7-р сарын 15-19-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд дэлхийн шилдэг 16 баг 26.13 хувилбарын патч дээр өрсөлдөнө.

Оролцогчид зөвхөн аваргын цомын төлөө бус, нийт 2 сая ам.долларын шагналын сан болон EWC-ийн клубийн нийт онооны төлөө тоглох юм. Түрүүлсэн баг 600 мянган ам.доллар, 1 000 клубийн оноо авна. Хоёрдугаар байр 340 мянган ам.доллар, 750 оноо, гуравдугаар байр 220 мянган ам.доллар, 500 оноо, дөрөвдүгээр байр 140 мянган ам.доллар, 300 оноо хүртэнэ. Харин 5-8-р байрт орсон баг бүр 90 мянган ам.доллар болон 200 оноо авах юм.

Мөн тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогч буюу MVP-д тусгай шагнал олгож, 25 мянган ам.долларын бонус гардуулна.

Хэсгүүд ба эхний тоглолтууд

League of Legends-ийн тэмцээнд багууд дөрвөн хэсэгт хуваагджээ:

  • A хэсэг: G2 Esports, AG.AL International, Dplus, FURIA
  • B хэсэг: Team Secret, Gen.G Esports, Karmine Corp, Sentinels
  • C хэсэг: Bilibili Gaming, T1, GAM Esports, Movistar KOI
  • D хэсэг: Hanwha Life Esports, MIBR.LOS, LYON, JD Gaming

Эхний өдөр upper bracket-ийн хагас шигшээ тоглолтууд Bo1 форматаар явагдана. B хэсэгт Team Secret — Sentinels, Gen.G Esports — Karmine Corp тоглох бол C хэсэгт Bilibili Gaming — Movistar KOI, T1 — GAM Esports таарна. A хэсэгт G2 Esports FURIA-тай, AG.AL International Dplus-тай тоглох бөгөөд D хэсэгт Hanwha Life Esports — MIBR.LOS, LYON — JD Gaming тоглолтууд болно.

Мөн эхний өдөр B, C хэсгийн болон A, D хэсгийн доод шатны хасагдах тоглолтууд Bo3 форматаар эхэлнэ. Харин хоёр дахь өдөр хэсгүүдийн шийдвэрлэх тоглолтууд болно. Upper bracket-ийн финалууд Bo1, lower bracket-ийн финалууд Bo3 форматаар явагдаж, плей-оффт шалгарах эхний багууд тодорно.

Ингэснээр Esports World Cup 2026-ийн League of Legends тэмцээн богино хугацаанд өндөр ачаалалтай, алдаа гаргах зай багатай форматаар өрнөхөөр байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй