“Activision” компани шинээр гаргасан “Call of Duty: Modern Warfare 4” тоглоомоосоо 2022 онд Сөүл хотын Халловины баярын үеэр гарсан эмгэнэлт явдлын бодит бичлэгийг хасахаар шийдвэрлэжээ. Тухайн үед болсон олон нийтийн шахцалдааны улмаас 160 шахам хүн амь үрэгдсэн бөгөөд амиа алдагсдын ар гэрийнхний хүчтэй эсэргүүцэл, шүүмжлэлийн дараа уг шийдвэрийг гаргасан байна.
Мэдээллийн сувгуудын энэхүү бодит дүрс бичлэгийг тоглоомын эхлэл хэсэгт Хойд Солонгос улс Өмнөд Солонгос руу довтолсон зохиомол үйл явдлын хор уршгийг харуулах зорилгоор ашигласан байжээ. Уг бичлэг дээр аврагчид хохирогчдыг дамнуургаар зөөж, сэхээн амьдруулах тусламж үзүүлж буй болон гудамжинд цогцос хийсэн тусгай уутнууд хэвтэж байгаа нь ил харагдаж байв.
Хохирогчдын ар гэрийнхэн бодит эмгэнэлт явдлыг энтертайнмент бүтээгдэхүүнд ашигласныг хатуу шүүмжилсэн юм. Тэд хамтарсан мэдэгдэлдээ уг эмгэнэл нь зөвхөн амиа алдагсдын төрөл төрөгсдөд төдийгүй тухайн явдлыг нүдээр үзсэн гэрчүүд, аврах ажиллагаанд оролцсон хүмүүсийн сэтгэл зүйд одоог хүртэл гүн шарх болон үлдсэнийг сануулжээ.
«Хүмүүс бие биеэ аврах гэж цөхрөнгөө баран тэмцэж, зүрх, уушгины сэхээн амьдруулалт хийж, хохирогчид хүйтэн гудамжинд хэвтэж байсан тэрхүү эмзэг дүр зургуудыг видео тоглоомд ашигласанд бид маш их цочирдлоо» хэмээн мэдэгдэлд онцолсон байна. Түүнчлэн ар гэрийнхэн нь бодит эмгэнэлт явдлыг зугаа цэнгэлийн тоглоомын хэрэглэгдэхүүн болгох нь «туйлын зохисгүй бөгөөд утгагүй явдал» гэдгийг цохон тэмдэглэв.
Үүний хариуд “Activision” компани зохиомол үйл явдлыг харуулахын тулд бодит мэдээллийн дүрс бичлэг ашигласнаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч тэдний зүгээс Итэвонд болсон эмгэнэлт явдлыг зориудаар дүрслэх эсвэл түүний үнэ цэн, уй гашууг үл тоомсорлох санаа агуулаагүй гэдгээ илэрхийлжээ.
Хөгжүүлэгчид хохирогчид болон тэдний ар гэрийнхнээс албан ёсоор хүлцэл өчиж, уг бичлэгийг 11 дүгээр сарын 12-нд гарах тоглоомын шинэчлэлтийн (update) үеэр бүрэн хасахаа амласан байна.
Сөүлийн эмгэнэлт явдлын талаар товч:
2022 оны 10 дугаар сарын 29-нд Сөүл хотын Итэвон дүүрэгт Халловины баярыг тэмдэглэх үеэр олон нийтийг хамарсан томоохон шахцалдаан үүссэн билээ. Тухайн үдэш тус дүүрэгт 100 мянга гаруй залуус цуглаад байсан бөгөөд нарийн, налуу гудамжинд хэт их бөөгнөрөл үүссэний улмаас хүмүүс түгжигдэн амьсгалах боломжгүй болсон юм. Энэхүү ослын улмаас нийт 160 шахам хүн амь насаа алдсан билээ.
1 comment
Мөрийтэй тоглоом хэрхэн донтолт биш болох тухай сайн нийтлэл — Панамын туршлагыг харуулсан 1xBet хариуцлагатай бооцоо тавих