Танилцуулгын хугацаа болон үйл явдлын өрнөл
Сэтгүүлч Том Уоррен болон The Verge сайтын олж мэдсэнээр, алдартай “The Elder Scrolls” цувралын зургаа дахь бүтээл “Sentinel” гэсэн дэд гарчигтайгаар олны хүртээл болох нь ээ. Уг тоглоомын албан ёсны танилцуулгыг 11 дүгээр сард хийх өндөр магадлалтай байна. Учир нь энэ сард Skyrim тоглоомын 15 жилийн ой (11-р сарын 11), мөн анхны Xbox консолын 25 жилийн ой (11-р сарын 15) тус тус давхар тохиож байгаа юм.
Тоглоомын үйл явдал Редгард үндэстний уугуул нутаг болох Хаммерфелл мужид өрнөх бөгөөд “Sentinel” гэх нэр нь тухайн бүс нутгийн хамгийн том хотуудын нэгтэй холбоотой аж. Шинэ ангийн хамгийн гол онцлог нь франчайзын түүхэнд анх удаа цаг хугацаа болон зөгнөлийн мэдээллийг хадгалдаг ид шидийн олдворууд болох “Elder Scrolls”-ийн үүсэл гарал, нууцлаг түүх рүү гүнзгийрүүлэн төвлөрсөн өрнөлтэй байх явдал юм.
Xbox-ийн онцгой эрх болон хөгжүүлэлтийн саад бэрхшээл
Энэхүү мэдээллийг Xbox компанийн гүйцэтгэх захирал Аша Шармагийн өнгөрөгч 8 дугаар сард хуваалцсан мэдээлэл баталж буй мэт байна. Тэрээр хаалттай хүрээнд болсон тоглоомын танилцуулгын дараагаар цахим хуудсандаа 8 ширхэг одтой (********) нууцлаг тизер оруулсан нь “Sentinel” гэдэг үгийн үсгийн тоотой яв цав нийцэж байсан юм.
Одоогоор шинэ бүтээлийн нээлтийн тов болон ямар платформууд дээр гарах нь батлагдаагүй хэвээр байна. Төслийн удирдагч Тодд Ховард уг тоглоомыг зөвхөн Microsoft-ын экосистемд зориулж консолийн онцгой эрхтэйгээр гаргах эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан хэвээр байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн 7 дугаар сард Xbox-ийн тоглоомын хэлтэст гарсан томоохон цомхотгол нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Bethesda-гийн хөгжүүлэгчдийн үзэж буйгаар энэхүү үйл явдал нь баг хамт олны сэтгэл зүйд маш муугаар нөлөөлсөн бөгөөд 2018 онд анх зарлагдаж байсан уг төслийн хөгжүүлэлтийн хурдад ч сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байгаа аж.