CS2-ын тэмцээн зохион байгуулагч “Digital Crusade” компани өөрсдийн “DraculaN” тэмцээний долоо дахь улирлыг зарлалаа. Энэ удаагийн тэмцээн нь албан ёсоор “Super DraculaN” нэртэйгээр зохион байгуулагдах юм. Тус тэмцээнд 16 баг оролцож, $150 000-ын шагналын сан болон VRS чансааны үлэмж хэмжээний онооны төлөө өрсөлдөх аж.
Тэмцээн зургаадугаар сарын 23–28-ны өдрүүдэд буюу Кёльны Мэйжор (цахим спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн) дууссаны дараахан болохоор товлогджээ. Тэмцээний финалын шат Румын улсын Бухарест хотын “Halo Events Center”-т болох бөгөөд зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд плей-оффын тоглолтууд үзэгчидтэйгээр зохион байгуулагдана.
Уг тэмцээн мэргэжлийн тавцангийн зуны амралтын үеэр таарч байгаа тул багуудын хувьд бүтэн амарч авах уу, эсвэл чансааны чухал оноо цуглуулах уу гэдэг сонголт тулгарч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “DraculaN” тэмцээнд “M80” баг түрүүлж байсан бөгөөд тухайн үед Мэйжорын эрхийн төлөө өрсөлдөж байсан “FaZe”, мөн “Monte”, “Aurora” зэрэг алдартай багууд оролцож байжээ.