ESIC шинэ хориг тавилаа: zLy бүх насаараа тоглох эрхээ хасуулж, NOMERCY багийг шалгаж эхлэв

by Саруул Батболд
0 comments

Цахим спортын ёс зүйн комисс (ESIC) дүрэм зөрчсөн, тухайлбал булхайцсан болон тохироотой тоглолт хийсэн тоглогчдод авах дараагийн арга хэмжээгээ зарлалаа. Хамгийн хатуу шийтгэлийг Егор “zLy” Поляковт оноосон бөгөөд NOMERCY багийн эсрэг албан ёсны мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ.

ESIC-ээс гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, Егор “zLy” Поляков ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул бүх насаараа тэмцээнд оролцох эрхээ хасуулсан байна. Харин Дмитрий “propleh” Сенихов, Александр “Ruler” Максимов, Петр “Damiel” Мархеев нарыг таван жилийн хугацаатай тоглох эрхийг нь түдгэлзүүлэв. Тэднийг ийнхүү шийтгэх болсон нь тавьсан шаардлагыг үл тоомсорлосон эсвэл гэм буруугаа хэсэгчлэн болон бүрэн хүлээн зөвшөөрсөнтэй холбоотой аж. Дээрх бүх хориг арга хэмжээ нь булхайцах болон тоглолтын үр дүнд нөлөөлөх гэсэн оролдлогуудаас үүдэлтэй юм.

Түүнчлэн NOMERCY багийн зүгээс бооцоотой холбоотой сэжигтэй үйлдлүүд гаргасан тул тэдний тоглох эрхийг түр хугацаагаар хязгаарлаж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Өмнө нь тус багийн тоглолтын үр дүнд 80 гэсэн өндөр харьцаатайгаар 57,000 ам.долларын бооцоо тавигдсан тохиолдол гарч байжээ. Энэ нь “Riman Imperium Cup 7” тэмцээний үеэр болсон бөгөөд тухайн үед тус баг дөрвөн тоглолт дараалан 3:13 буюу түүнээс доош онооны зөрүүтэйгээр ялагдал хүлээсэн байна.

ESIC нь цахим спортын салбарт тохироотой тоглолт болон хориотой программ хангамж ашиглах зэрэг зөрчлүүдийг тогтмол хянаж, мөрдөн шалгадаг байгууллага юм. Тус байгууллага нь тэмцээн зохион байгуулагчид болон бооцооны газруудтай нягт хамтран ажиллаж, шударга өрсөлдөөнийг хангах, сэжигтэй үйлдлүүдийг илрүүлэх зорилготой ажилладаг билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй