PGL жил бүр 11 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ: CS2-ын шилдэг багуудад зориулсан шинэ хөтөлбөр

by Саруул Батболд
0 comments

Тэмцээн зохион байгуулагч PGL компани 2027 болон 2028 онуудад хэрэгжих “PGL CS2 Tier 1 Program” хэмээх багуудыг урамшуулах шинэ хөтөлбөрөө зарлалаа. Зохион байгуулагчдын зүгээс багуудад жил бүр багадаа 11 сая ам.доллар хуваарилахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 2025-2026 оны жил бүрийн 5 сая ам.доллартай харьцуулахад асар их өсөлт юм.

Нийт хөрөнгө оруулалтын 6 сая ам.доллар нь тэмцээний шагналын санд зориулагдах бөгөөд үүний 3 саяыг тоглогчид, үлдсэн 3 саяыг байгууллагууд хүртэх аж. Үлдсэн 5 сая ам.долларыг багууд дараах хоёр төрлийн урамшууллын системээр дамжуулан авах боломжтой:

  1. VRS чансааны урамшуулал: Valve-ийн бүс нутгийн чансааны (VRS) эхний 12-т багтсан шилдэг 5 баг PGL-ийн урилгыг хүлээн авбал тэмцээн бүрээс 300,000-аас 400,000 ам.долларын бонус авна.
  2. Үзэлтийн жилийн бонус: ESL-ийн ашигладаг системтэй төстэй бөгөөд тэмцээн бүрт 12 баг тоглолтынхоо үзэгчдийн дундаж тооноос хамаарч оноо цуглуулна. Жилийн эцэст хамгийн өндөр оноотой 16 баг 2.8 сая ам.долларыг хуваан хүртэх юм.

PGL 2027 онд зургаан тэмцээн, 2028 онд мөн зургаагаас доошгүй тэмцээн зохион байгуулахаа баталлаа. Цаашид зах зээлийн өсөлтөөс хамаарч 2028 оны хуваарьт нэмэлт тэмцээнүүд орж ирэх боломжтойг дурджээ.

PGL тэмцээний хуваарь

2027 он:

  • PGL #1: 1-р сарын 15–25
  • PGL #2: 2-р сарын 11–22
  • PGL #3: 3-р сарын 17–29
  • PGL #4: 4-р сарын 14–26
  • PW CAC 2027 (Англи хэл дээрх албан ёсны дамжуулалт): 8-р сарын 17–29
  • PGL #5: 9-р сарын 1–13
  • PGL #6: 10-р сарын 6–18

2028 он:

  • PGL #1: 1-р сарын 14–24
  • PGL #2: 2-р сарын 9–21
  • PGL #3-аас #6 хүртэлх тэмцээний хугацаа одоогоор тодорхойгүй байна.

PGL-ийн энэхүү мэдэгдэл нь өөр нэгэн том зохион байгуулагч BLAST-ийн 2027 оны төлөвлөгөөгөө зарласны дараа гарч ирлээ. BLAST-ийн хувьд зургаан тэмцээнд 10 сая ам.долларын шагналын сан амлаад байгаа юм. Одоогоор гурван том зохион байгуулагчийн нэг болох ESL хараахан ирэх жилүүдийн санхүүгийн урамшууллын хөтөлбөрөө танилцуулаагүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй