Цахим спортын ДАШТ-ээс жил бүр 20 сая долларын хөгжлийн санг бүрдүүлнэ: EWCF түншүүдийг бүртгэж эхэллээ

by Саруул Батболд
0 comments

Esports World Cup Foundation (EWCF) нь дэлхий даяарх үндэсний цахим спортын шигшээ багуудын өсөлт хөгжлийг дэмжих зорилготой Esports Nations Cup тэмцээнд зориулсан “Хөгжлийн сан” (Development Fund)-г албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү санаачилгын хүрээнд EWCF нь үндэсний багуудыг хөгжүүлэхэд жил бүр дор хаяж 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү санхүүжилт нь дараах үндсэн чиглэлүүдэд зарцуулагдана:

  • Багуудын ложистикийн зардлыг нөхөх;
  • Сурталчилгааны арга хэмжээ, ивэнтүүдийг зохион байгуулах;
  • Цахим спортын үндэсний шигшээ багуудын танигдсан байдлыг нэмэгдүүлэх.

Үүнээс гадна тус сан нь анхны Esports Nations Cup тэмцээнд оролцох багуудын аяллын зардлыг санхүүжүүлэхээс гадна, бэлтгэл сургуулилтын үеэр “буткэмп” (bootcamp) ашиглахад дэмжлэг үзүүлэх юм.

Үүнтэй зэрэгцэн EWCF нь “Үндэсний багийн түнш” (National Team Partner) статусыг авах сонирхолтой улс орнуудаас өргөдөл хүлээн авч эхэлсэн байна. Сонгогдсон улс орнууд болон түншүүд нь маркетинг, олон нийттэй харилцах ажлаар дамжуулан өөрийн шигшээ багийн дүр төрхийг бүрдүүлж, үндэсний хэмжээний фэнүүдийн баазыг бий болгох хариуцлага хүлээнэ.

«Esports World Cup Foundation-ийн зорилго бол цахим спортыг шинэ түвшинд гаргаж, тогтвортой байдлыг хангах явдал юм. Энэхүү өргөдөл хүлээн авах үйл явцыг нээснээр бид найдвартай үндэсний түншүүдийг урьж байна. Тэд тодорхой үүрэг хариуцлага, нэгдсэн удирдлага бүхий улс орон, бүс нутгийн төлөөллийн системийг бүрдүүлэхэд туслах бөгөөд энэ загвар нь тоглогчид, тоглоомын түншүүд болон хөгжөөн дэмжигчдэд үр өгөөжөө өгөх ёстой» гэж тус сангийн Гүйцэтгэх захирал Ральф Райхерт мэдэгдлээ.

“Үндэсний багийн түнш” статуст хүсэлт гаргах үйл явц 1-р сарын 31 хүртэл үргэлжилнэ. Ирүүлсэн өргөдөл бүрийг дараах шалгуураар үнэлэх аж:

  1. Тухайн улсын цахим спортын экосистем дэх байр суурь;
  2. Олон нийтийг хамрах хүрээ;
  3. Үндэсний багийг удирдан зохион байгуулах чадвар.

Баталгаажсан түншүүдийн эхний ээлжийг 2026 оны эхээр албан ёсоор зарлахаар төлөвлөжээ.

Санг ажиллуулж эхлэхтэй зэрэгцэн зохион байгуулагчид 2026 оны Esports Nations Cup тэмцээний замын зураглалыг танилцууллаа. Тэмцээний тоглоомын төрлүүд болон форматын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл энэ сарын сүүлчээр болон 2-р сард ил болох бөгөөд урьдчилсан шатны шалгаруулалт 6-р сард эхэлнэ.

Эргэн сануулахад, 1-р сарын 6-ны өдөр EWCF ирэх 11-р сард болох Esports Nations Cup 2026 тэмцээний формат болон сонгон шалгаруулалтын эхний нарийн ширийн зүйлсийг дэлгэсэн билээ. Хөгжлийн санг нээж байгаа нь өрсөлдөх чадвартай, тогтвортой үндэсний цахим спортын шигшээ багийг бий болгохыг зорьж буй улс орнуудад нэмэлт хөшүүрэг болж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй