“Valorant Masters London 2026” тэмцээн эхлэхийн өмнөхөн шинжээчид дэлхийн хамгийн том хоёр тактикийн шутер тоглоом болох Counter-Strike болон Valorant-ын үр дүнг харьцуулан судалжээ. 2026 оны эхний таван сарын байдлаар Counter-Strike нь киберспортын үндсэн үзүүлэлтүүдээр аудиторын анхаарлыг илүүтэй татаж, тэргүүлэгч болсон байна.
“Esports Charts”-аас гаргасан уг судалгаанд зөвхөн S-түвшний томоохон тэмцээнүүдийг хамруулсан бөгөөд 2026 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх статистик мэдээлэлд үндэслэжээ.
Counter-Strike тоглоом Valorant-ыг илт давуу тэргүүлэв
Судалгаанд хамрагдсан хугацаанд Counter-Strike нь үзэлтийн бүх гол үзүүлэлтээр шилдэг үр дүнг үзүүлжээ:
- Нийт үзсэн цаг (Hours Watched): Counter-Strike 205 сая цаг, Valorant 130 сая цаг;
- Оргил үеийн үзэгчийн тоо (Peak Viewers): Counter-Strike 1.38 сая, Valorant ойролцоогоор 880 мянга;
- Дундаж үзэгчийн тоо (Weighted Average Viewers): Counter-Strike 292 мянга, өрсөлдөгч Valorant тоглоомынх 141 мянга.
Үүний зэрэгцээ, Valorant тоглоомын шууд дамжуулалтын нийт хугацаа илүү урт буюу 926 цаг байсан бол Counter-Strike-ынх 702 цаг байжээ. Тиймээс ч Counter-Strike-ын давуу тал илүү жинтэй харагдаж байна. Учир нь эфирийн цаг бага байсан хэдий ч тус тоглоом хавьгүй олон үзэгчийг өөртөө татаж чадсан юм.
Тэмцээний форматын ялгаа
Тэмцээний бүтэц, зохион байгуулалт нь үзэлтийн тоонд чухал нөлөө үзүүлснийг судалгааг гаргагчид онцолж байна.
Counter-Strike-ын хувьд ихэнх том тэмцээнүүд нь Европ, Хойд Америк, Бразил, ТУХН болон Азийн шилдэг багуудыг нэг дор цуглуулдаг олон улсын шинжтэй байдаг. Энэ нь үзэгчдийн анхаарлыг нэг тоглолт, нэг дамжуулалт дээр төвлөрүүлэх боломжийг олгодог байна.
Харин Valorant-ын систем огт өөр бүтэцтэй. Тус тоглоомын улирлын тэмцээнүүдийн ихэнх хугацаа нь бүсийн лигүүдэд хуваагддаг. Үүнд:
- Americas
- EMEA
- Pacific
- China
Үүнээс шалтгаалан үзэгчид нэгдсэн нэг олон улсын аварга шалгаруулах тэмцээн рүү биш, харин хэд хэдэн тусдаа бүсийн тэмцээнүүд рүү сарнин хуваагддаг байна.