Канадын Онтарио мужид нэгэн 11 настай хүү гэр бүлийнхээ гэнэтийн хэрэгцээнд зориулан хадгалж байсан бэлэн мөнгийг “Walmart” дэлгүүрээс “Roblox” тоглоомын бэлгийн карт авахад зарцуулсан явдал гарлаа.
Хүү эмээтэйгээ дэлгүүрт явж байхдаа сэмээрхэн холдож, 1,000 ам.долларын өртөгтэй “Roblox” бэлгийн картыг хоёр удаа дараалан худалдан авсан байна. Гэр бүлийнхэн нь хадгалж байсан мөнгө нь алга болсныг мэдсэний дараа л хүүгийн хийсэн үйлдлийг олж илрүүлжээ. Эцэг эх нь худалдаж авсан карт болон баримтыг буцаан өгч мөнгөө авахыг хүссэн боловч дэлгүүрийн зүгээс бэлгийн карт буцаах боломжгүй гэсэн хариу өгч татгалзсан байна.
“Walmart”-аас тайлбарлахдаа худалдагч нар нэг гүйлгээнд 1,000 ам.доллар хүртэлх бэлгийн карт борлуулах дүрмийг баримталсан бөгөөд Канадад бэлгийн карт худалдан авахад насны хязгаарлалт байдаггүйг онцолжээ. Мэргэжилтнүүд энэ төрлийн эрсдэлээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийг хүүхдийнхээ төхөөрөмж болон тоглоом дээр “Parental Control” буюу эцэг эхийн хяналтын тохиргоог заавал хийхийг зөвлөж байна.