Британийн кибер спортын сэтгүүлч, аналитик Данкан “Thorin” Шилдс өөрийн YouTube сувгаар Хятадын Шанхай хотноо болох CS2-ын CS Asia Championships 2026 (CAC 2026) тэмцээний талаарх таамагаа хуваалцаж, “Falcons” багийг гол фаворитоор нэрлэжээ. Тэрээр:
“Миний бодлоор энэ тэмцээнд Falcons түрүүлнэ. Хэрэв тэд финалд хүрвэл хэн тэднийг хожиж чадах юм бэ? BO5 форматаар хэн тэднийг барах вэ? MOUZ баг магадгүй сонирхолтой өрсөлдөгч байж болох юм. Учир нь тэд одоог хүртэл тоглолтоо хагас дутуу бэлэн тактикаар удирдаж байгаа бөгөөд бүрэлдэхүүндээ jL-ийг (Юстинас Лекавичюс) түр хугацаагаар тоглуулж байгаа. Тэрээр Мэйжорын өмнө багаасаа явах тул энэ нь түүний хувьд тус багтайгаа оролцож буй сүүлчийн тэмцээн юм. Гэсэн хэдий ч Falcons тэднийг хожно гэж би бодож байна” хэмээн ярьжээ.
Улмаар тэрээр Монголын багийн боломжийг дараах байдлаар үнэлсэн байна:
“The MongolZ баг галын хүчний зөрүүг үл хамааран Falcons-ийг хожих боломжтой. Гэхдээ тоглолт BO5 финал хүртэл үргэлжилбэл тэд Falcons-ийг дийлнэ гэж би бодохгүй байна. Харин Liquid финалд ч хүрч чадахгүй. Legacy багийн хувьд BO5 тоглолтод ямар ч боломж байхгүй, магадгүй тэмцээний эхэн шатанд л бага зэргийн боломж гарч ирж магадгүй юм.”
Мөн тэрээр бусад багуудын талаар үргэлжлүүлэн:
“NIP баг магадгүй ‘нууц далд хүч’ (dark horse — тааварлахад бэрх хүчтэй өрсөлдөгч) байж болох юм. Тэд плей-оффд шалгарч, магадгүй гурван газрын зургийн нэгийг нь авч мэдэх юм. Харин MIBR юу ч хийж чадахгүй байх. BC.Game, M80 болон NRG багууд энэ тэмцээнд ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэж дүгнэжээ.
“CS Asia Championships 2026” тэмцээн Хятадын Шанхай хотноо 2026 оны тавдугаар сарын 20-ноос 24-ний хооронд зохион байгуулагдаж байна. Тэмцээний нийт шагналын сан 1,000,000 ам.доллар бөгөөд үүнээс 400,000 ам.долларыг тамирчдад, харин 600,000 ам.долларыг клубуудад хуваарилах аж. Тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байна.