Казахстаны Астана хотноо зохион байгуулагдсан Counter-Strike 2-ын олон улсын “PGL Astana 2026” тэмцээн өндөрлөлөө. Тус тэмцээний аваргаар “Team Spirit” баг дахин тодорч, шигшээ тоглолтод “Falcons” багийг итгэл төгс буулган авлаа.
Тэмцээний шийдвэрлэх тоглолт тавдугаар сарын 17-ны өдөр “Барыс Арена”-д болж, 3:0-ийн харьцаатайгаар Team Spirit багийн давамгайллаар өндөрлөсөн юм. Тэд өрсөлдөгчөө Dust2 (16:12), Mirage (13:7) болон Ancient (13:10) гэсэн бүх газрын зураг дээр илүүрхэж чаджээ.
Гранд-финалын шилдэг тоглогчоор Данил “donk” Крышковец тодорлоо. Кибер спортчин залуу тоглолтыг 1.52 гэсэн өндөр чансаатайгаар дуусгаж, тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчийн (MVP) шагналыг хүртсэн байна.
Энэхүү цом нь “Team Spirit” багийн хувьд 2026 оны анхны титэм бөгөөд тэд тэмцээний туршид нэг ч цуврал тоглолтод ялагдаагүй гэсэн гайхалтай амжилтыг үзүүлэв.
Багуудын шагнал, орлого
Аваргалсан “Team Spirit” баг 256 мянган ам.долларын шагнал хүртсэн бол аман хүзүүдсэн “Team Falcons” баг 120 мянган ам.долларын шагнал авчээ.
Гуравдугаар байрт “magic” багийг 2:0-ээр хожсон “MOUZ” баг шалгарч, хүрэл медалийн эзэд 192 мянган ам.долларын шагнал халаасалсан байна.
“PGL Astana 2026” тэмцээн тавдугаар сарын 9-нөөс 17-ны хооронд Казахстанд зохион байгуулагдсан бөгөөд хэсгийн тоглолтоос шилдэг найман баг плей-оффт шалгарч үлдсэн юм. Тэмцээний нийт шагналын сан 1.6 сая ам.доллар байсан бөгөөд үүний тал хувийг тамирчид, үлдсэн тал хувийг багийн байгууллагууд хувааж авчээ.