Microsoft компани тоглоомын салбараа илүү ашигтай болгох зорилгоор Аша Шармаг Xbox-ийн удирдагчаар томилсон юм. Зуны эхээр тэрээр зардал бууруулах, ажилтнуудыг цөөлөх, ашиггүй студиудыг хаах эсвэл тусгаарлах, мөн гол франчайзууддаа анхаарал хандуулах зэрэг хэлтсийн масштабтай шинэчлэлтийг зарласан билээ. Үүний зэрэгцээ Xbox шинэ үеийн консолоо зах зээлд гаргахаар бэлтгэж байна.
Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла Шармаг үүрэгт ажлаа сайн биелүүлж байна гэж үзэж байна. Sources Podcast-ийн шинэ дугаарт тэрээр компанид гарч буй өөрчлөлтийг харах нь түүнд “итгэмээргүй таатай” байгааг мэдэгджээ. Наделлагийн хэлснээр, одоогийн алхмууд нь Xbox-д өөрийн студиуд болон оюуны өмчийн арвин санг илүү үр дүнтэй ашиглах, мөн PC болон Xbox дээр тоглоом гаргах тогтвортой бизнес моделийг бий болгоход туслах ёстой аж.
“Манай студиуд, бидэнд байгаа оюуны өмчийн багц болон энэ бүхнийг ашиглан ирээдүйд гайхалтай тоглоомууд бүтээх чадвараа харахад би асар өптимист байна. Баг, тухайлбал Аша одоогоор бизнесийн бүтцийг тодорхой хэмжээгээр оновчтой болгож байгаа бөгөөд үүнийг харахад таатай байна. Одоо бидэнд илүү олон хүнд тоглоомуудаа санал болгох боломжийг олгох зөв, тогтвортой бизнес моделийг бий болгох шаардлагатай. Энэ бол бидний үргэлж зорьж ирсэн зүйл: бид PC болон Xbox дээрх тоглоомын хувьд гайхалтай хэвлэн нийтлэгч, гайхалтай платформ байхыг хүсэж байна” хэмээн Microsoft-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла ярьжээ.
Үүний зэрэгцээ, цуцлагдсан төслүүд, ажилтнуудыг цөөлөх масс халаа болон студиудын бүтцийн өөрчлөлтийн цаана Наделлагийн энэхүү үг хэллэг эргэлзээтэй хүлээн авагдаж байгаа тул тоглогчид болон шинжээчдийн зарим хэсгийн зүгээс сөрөг шүүмжлэл дагуулсан байна.
Сэтгэл хөдлөлийг хойш тавьж үзвэл, Шарма Xbox-ийн бизнесийг оновчтой болгохын тулд түүнд өгсөн даалгавраа биелүүлж байна. Ирэх санхүүгийн жилийн хоёрдугаар улиралд тус салбар их хэмжээний ашиг олох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Xbox үүсэн байгуулагдсан 25 жилийн түүхэн дэх анхны ийм үр дүн болох юм.
Өнгөрсөн долоо хоногт өөр өөр салбаруудаас дахин 267 ажилтан халагдсан тухай мэдээлэл гарсан. Энэ оны туршид 2,000 орчим хүн ажлаа алдаад байгаа бөгөөд цаашид ч цомхотгол үргэлжлэх төлөвтэй байна.
Сүүлийн үеийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Halo франчайз Activision-д шилжиж, Obsidian баг Bethesda-тай нэгдэж байгаа бол Ninja Theory болон Arkane студиуд хаагдах аюулд оржээ. Хэдэн сарын өмнө Double Fine, Compulsion Games болон Undead Labs студиуд мөн Xbox-оос тусгаарлагдсан билээ.
