Парижийн метрон дахь Esports World Cup-ын сурталчилгаанд хиймэл интеллект бүдүүлэг алдаа гаргажээ

0 comments

Esports World Cup (EWC) тэмцээний хүрээнд болох Rocket League-ийн тоглолтууд 8-р сарын 8-нд эхлэх гэж буйтай холбогдуулан Парисын метронд байрлуулсан сурталчилгааны билборд олон нийтийн шүүмжлэлд өртлөө. Хиймэл интеллект (AI) ашиглан бүтээсэн уг постер дээр дэлхийн аварга асан Алексис «zen» Берньег “Team Liquid” багийн өмсгөлтэйгөөр буруу дүрсэлсэн байна.

Энэхүү явдал нь цахим спортын сонирхогчдын анхаарлыг ихээхэн татав. Учир нь 19 настай залуу тамирчин zen карьерынхаа туршид “Team Vitality” багт тоглож байгаа бөгөөд тус байгууллагын гол нүүр царай юм. Мөн “Team Liquid” баг 2023 оны Gamers8 тэмцээнээс хойш Rocket League-ийн бүрэлдэхүүнгүй байгаа билээ.

Porte de Versailles үзэсгэлэнгийн төвийн дэргэдэх уг билборд нь EWC-ийн маркетингийн ажиллагааны нэг хэсэг бөгөөд тасалбар болон Qiddiyah City, stc Group, Secret Lab зэрэг 7 хамтрагч брэндийг сурталчилж байв. Гэвч AI-ийн хайнга генерациас болж EWC-ийн лого Team Liquid-ийн ивээн тэтгэгч Monster Energy болон Alienware брэндүүдтэй хутгалдсан байна.

AI-ийн алдаа үүгээр зогсоогүй бөгөөд өөр нэгэн тамирчин Аксель «Vatira» Турег 2025 оны EWC-ийн үеэрх “Karmine Corp”-ийн ягаан өмсгөлтэй, “Logitech” логотойгоор дүрсэлжээ. Гэтэл Karmine Corp 2026 оны 1-р сард “Team Razer”-тай хамтран ажиллаж эхэлсэн юм. Түүнчлэн, Vatira-г компьютерийн гар болон хулганаар тоглож буйгаар дүрсэлсэн ч тэрээр бодит байдал дээр үргэлж удирдлага (controller) ашигладаг байна.

Энэхүү ташаа сурталчилгаа нь чанарын асуудлаас гадна тамирчдын зураг ашиглах зохиогчийн эрхийг зөрчсөн тухай асуудлыг хөндлөө. Prodigy Agency-ийн тэргүүн бөгөөд zen-ийн агент Жером Купе уг асуудлыг өөрийн хяналтад авснаа албан ёсоор мэдэгдээд байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй