Гар утасны MOBA (Олон тоглогчтой онлайн тулааны талбар) төрлийн League of Legends: Wild Rift тоглоом дэлхийн хамгийн хүчирхэг сагсан бөмбөгийн лиг болох NBA-тэй хамтарсан томоохон кроссовер хийхээр бэлтгэж байна. Энэ тухай ирээдүйд гарах релизийн дүрс бичлэгийг дэлгэсэн Sheep Esports цахим хуудас мэдээллээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэгчид алдартай баатруудад зориулсан, сагсан бөмбөгийн домогт багуудын хэв маягийг шингээсэн хязгаарлагдмал эрхтэй гурван шинэ скин (skin буюу баатрын хувцас, гадаад төрх)-ийг танилцуулах юм:
- Lakers Myth Darius – Дариус баатарт зориулсан “Лос-Анжелес Лейкерс” багийн бэлгэдэл болсон өнгө төрхийг шингээсэн сэдэвчилсэн скин.
- Celtics Legend Mordekaiser – Мордекайзер баатрын “Бостон Селтикс” багийн хэв маяг бүхий шинэ дүр төрх. Түүний тоглолтын явцыг харуулсан эхний дүрс бичлэгээс клубийн үндсэн ногоон өнгө болон тусгай визуал эффектийг харж болно.
- Warriors Glory Jarvan IV – “Голден Стэйт Уорриорз” багаас сэдэвлэн бүтээсэн Жарван IV баатрын скин.
Эхний сурталчилгааны материалууд Хятадын Weibo платформ дээр анх тавигджээ. Тоглоомын эдгээр шинэ өнгө төрхүүд дэлхийн зах зээлд яг хэзээ гарах албан ёсны тов болон үнэ өртөг нь одоогоор тодорхойгүй байгаа ч Riot Games компани ойрын хугацаанд албан ёсны бүрэн танилцуулгаа хийх төлөвтэй байна.