Америкийн M80 клуб Call of Duty League буюу CDL-ийн Boston Breach франчайзыг худалдаж авлаа. Ингэснээр баг цаашид Бостон хотыг M80 Boston нэрээр төлөөлөхөөр болж байна.
Энэ хэлцэл нь M80 байгууллагын Call of Duty киберспорт дахь анхны алхам бөгөөд клубын портфолиод нэмэгдэж буй зургаа дахь төрөл болжээ. Өмнө нь M80 Counter-Strike 2, VALORANT, Rainbow Six Siege, Rocket League болон 2XKO төрлүүдэд өрсөлдөж байсан. Байгууллагын зүгээс энэ худалдан авалтыг өөрсдийн түүхэн дэх хамгийн том хэлцэл гэж нэрлэсэн байна.
M80 Boston Шинэ Английн бүсийг төлөөлнө
Шинэ бүрэлдэхүүн Их Бостоны бүсэд байрших бөгөөд Шинэ Английн бүс нутаг дахь CDL-ийн цорын ганц франчайз болох юм. M80 цаашид орон нутгийн киберспортын сценийг хөгжүүлэх зорилгоор фэнүүдэд зориулсан арга хэмжээ, тоглолт хамт үзэх эвентүүд, их сургуулийн болон сонирхогчдын багуудтай хамтын ажиллагаа хийхээр төлөвлөж байна.
Худалдан авалттай зэрэгцэн M80 удирдлагын түвшинд хэд хэдэн өөрчлөлт зарлажээ. Oxygen Esports-ийн хамтран үүсгэн байгуулагч, тус байгууллагын үйл ажиллагаа хариуцсан захирал асан Адам Моррисон M80-ийн хамтран эзэмшигч болж, худалдаа, арилжаа хариуцсан захирлын албан тушаалд очсон байна.
Мөн Ричард Нино байгууллагад стратегийн хөрөнгө оруулагч, ахлах зөвлөхөөр нэгдсэн бол MGM-ийн Digital & New Platforms чиглэлийн ерөнхийлөгч асан Кевин Конрой M80-ийн ТУЗ-д оржээ.
Хэлцлийн санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг талууд задлаагүй байна. Гэхдээ M80 CDL-д нэвтэрч буйгаа лигийн үзэгчдийн өсөлт, мөн 2026 оны 10-р сарын 23-нд гарахаар төлөвлөгдсөн Call of Duty: Modern Warfare 4-ийн өмнөх шинэ улиралтай холбон тайлбарлаж байна.