Эммануэль Макрон Францад олон улсын видео тоглоомын наадам зохион байгуулахаа зарлалаа

0 comments

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон видео тоглоомын салбарт зориулсан олон улсын шинэ наадам байгуулахаар болсноо зарлалаа. Энэ тухай тэрээр 9 дүгээр сарын 7-нд Сен-Поль-де-Ванс хотод болсон Франц, Өмнөд Солонгосын соёл болон бүтээлч салбарын хамтарсан “Sommet Lumière” дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.

“Видео тоглоом нь манай соёлын нэг хэсэг тул бид олон улсын видео тоглоомын наадмыг бий болгоно” хэмээн Макрон онцлон тэмдэглэв. Энэхүү арга хэмжээ нь тоглоом хөгжүүлэгчид, тоглогчид болон бизнесийн төлөөлөгчдийг нэгтгэсэн глобал талбар болох аж.

Соёлын өв ба “Францын онцгой тохиолдол”

Францын эрх баригчдын хувьд видео тоглоом нь зөвхөн энтертайнмент салбар биш юм. Францын Соёлын яамнаас видео тоглоомыг бие даасан урлагийн нэг төрөл хэмээн албан ёсоор үздэг. Макроны зорилго нь видео тоглоомыг кино урлагийн нэгэн адил Францын соёлын өвийн салшгүй нэг хэсэг болгон бэхжүүлэх явдал юм.

Түүнчлэн видео тоглоомыг кино, хөгжим, телевизийн салбарыг дэмждэг “Францын соёлын онцгой тохиолдол” (French cultural exception) хөтөлбөрт албан ёсоор нэгтгэхээр төлөвлөж байна. Дашрамд дурдахад, Франц улс энэ онд “Cannes Lions” наадмаас “Creative Country of the Year 2026” өргөмжлөлийг хүртсэн билээ.

Наадмын тов ба хүлээлт

Одоогоор наадмын тодорхой огноо, зохион байгуулагдах газар болон формат хараахан тодорхойгүй байна. Францын зарим хэвлэлүүд анхны арга хэмжээ 2027 онд болж магадгүй хэмээн мэдээлж байгаа ч албан ёсны баталгаа ирээгүй байна. Энэ нь шинэ тоглоомын шоу, соёлын фестивал эсвэл бизнес бага хурлын аль форматтай байх нь одоогоор нууц байна.

Ubisoft зэрэг дэлхийн гигант студиудтай, кибер спортын хөгжлөөрөө тэргүүлдэг Франц улс уг наадмаар дамжуулан “Gamescom” болон “Summer Game Fest”-ийн хэмжээний томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй