Стример GrannyGamingz өөрийн Valorant тоглоомын шууд дамжуулалтын цаана байгаа сэтгэл хөдөлгөм түүхийг хуваалцжээ. Тэрээр 2023 онд нас барсан охиныхоо дурсгалын хөшөөг босгох мөнгө цуглуулахаар дахин стрим хийж эхэлсэн байна.
GrannyGamingz нь YouTube платформ дээр 3 мянга гаруй дагагчтай, 240 гаруй видеотой жижиг гэлтгүй үнэнч үзэгчидтэй сувагтай. Сүүлийн үед тэрээр олон цагийн шууд дамжуулалтыг тогтмол хийж, тоглоомын Gold рангаас Platinum зэрэглэл рүү ахихыг хичээж байгаа аж.
Түүний хэлснээр, охин Брук нь түүнийг анх тоглоом тоглож, шууд дамжуулалт хийж эхлэх гол шалтгаан болсон гэнэ.
“1998 онд Бурхан миний залбирлыг сонсож, туйлгүй их хайрласан хөөрхөн охиныг минь надад хайрласан юм. Харамсалтай нь 2023 онд эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болоод охиныг минь надаас авч одлоо. Би амьдралдаа хэзээ ч ийм гүн гүнзгий шарх, өвдөлтийг мэдэрч байсангүй” гэж тэрээр бичжээ.
Мөн GrannyGamingz-ийн тэмдэглэснээр, Брук охин нь 2022–2023 онуудад ээжийгээ цахим орчны сөрөг дайралт, шүүмжлэлийг даван туулж, өөрийн гэсэн үзэгчидтэй болж чадна гэдэгт итгэж, стрим хийхийг ятгасан байна. “Би дурамжхан зөвшөөрсөн ч хүмүүс намайг үнэхээр үзэж байгаад маш их гайхсан” хэмээн тэрээр дурсжээ.
Стример эмэгтэйн охин эрүүл мэндийн ноцтой асуудалтай байсан бөгвоед 2022 оны 10 дугаар сард бөөр шилжүүлэн суулгах хоёр дахь хагалгаандаа орсон байна. Гэвч дараа нь түүнд лимфома оношлогдож, улмаар 2023 оны 7 дугаар сард таалал төгсчжээ.
Эмэгтэйн үзэж байгаагаар эмч нар хорт хавдрыг цаг тухайд нь оношилж чадаагүйн улмаас өвчин нь дэндүү хожуу илэрсэн гэнэ. Гэхдээ энэ мэдэгдлийг одоогоор хараат бус эх сурвалжууд батлаагүй байна.
Охиноо алдсаныхаа дараа GrannyGamingz өөрийн “тоглоомын хамтрагч”-гүйгээр удаан хугацаанд тоглож чадахгүй байсан юм. Гэвч 2025 оны 11 дүгээр сард тэрээр охиныхоо дурсгалын хөшөөний мөнгийг цуглуулах тодорхой зорилгоор дахин шууд дамжуулалтаа эхлүүлжээ.
“Би охиныхоо хөшөөг босгохын тулд дахин стрим хийж эхэлсэн. Шууд дамжуулалтаас орж байгаа бүх мөнгөө би цуглуулж байгаа, огт үрэхгүй” гэж тэрээр онцолсон байна.
Мөн тэрээр 2026 оны 7 дугаар сар гэхэд эмнэлгийн эсрэг шүүх хурал хийхэд туслах дэмжлэг олж авна гэж найдаж байгаа бөгөөд охиных нь амьдрал “маш үнэ цэнтэй байсан” гэдгийг тодотгон, энэхүү түүхийг хүмүүст түгээж өгөхийг хүсжээ.