Steam Deck 2 боловсруулагдаж байна: Valve-ийн инженер шинэ консолын ажлыг баталлаа

by Саруул Батболд
0 comments

Хүчирхэг үзүүлэлттэй, авсаархан тоглоомын төхөөрөмжийн зах зээлийг тодорхойлж, шинэ тренд тогтоосон Steam Deck консолын дараагийн үеийн талаарх мэдээлэл олон хүний анхаарлыг татаж байна. Тэгвэл Valve компани дараагийн төсөлдөө хэдийнэ орсон бололтой.

2025 оны намар Valve-ийн ахлах инженер Пьер-Лу Гриффе “Steam Deck 2-ыг гаргах цаг хараахан болоогүй” хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед тэрээр гүйцэтгэлийг мэдэгдэхүйц ахиулж чадах хүчирхэг чип хараахан бэлэн болоогүй байгааг гол шалтгаанаар нэрлэж байсан юм.

Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Пьер-Лу Гриффе IGN-д өгсөн ярилцлагадаа тус компани Steam Deck 2 дээр хэдийнэ ажиллаж эхэлснийг анх удаа албан ёсоор баталлаа.

Шинэ консолын техникийн нарийн үзүүлэлтүүд одоогоор тодорхойгүй байгаа ч Valve-ийн зүгээс хөгжүүлэлтийн ажилд маш хариуцлагатай хандаж, өмнөх төхөөрөмжүүдийг бүтээх явцад олж авсан туршлагадаа суурилж байгааг инженер онцоллоо.

“Бид үүн дээр шаргуу ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд бидний гаргасан Steam Controller, Steam Machine-аас эхлээд Steam Deck болон энэ жил танилцуулсан төхөөрөмжүүдийг харвал бүгд хоорондоо салшгүй холбоотой, залгамж халаа нь болж ирснийг харж болно. Steam Deck 2 ч мөн адил байна гэдэгт би итгэлтэй байна. Одоо бидний хийж буй бүхэн дараагийн шинэ төхөөрөмжийг бүтээхэд том сургамж, туршлага болж байна” гэж Пьер-Лу Гриффе ярьжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй