АНУ-д кибер спортын үндэсний байгууллага “USA Esports” байгуулагдлаа

by Саруул Батболд
0 comments

АНУ-ын кибер спортын салбарыг нэгдсэн удирдлагад оруулж, төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх зорилготой “USA Esports” ашгийн бус байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлснээ зарлалаа. Тэдний нэн тэргүүний зорилго нь АНУ-ын Олимп болон Паралимпын хорооноос Үндэсний удирдах байгууллагын (National Governing Body – NGB) статусыг авах явдал юм.

Энэхүү төсөл нь кибер спортыг сагсан бөмбөгийн “USA Basketball” эсвэл хөлбөмбөгийн “US Soccer” шиг албан ёсны бүтэцтэй болгож, салбарын хууль ёсны нэр хүндийг баталгаажуулах зорилготой. “USA Esports” нь Америкийн кибер спортын салбарт үүсээд буй талцал, хуваагдлыг арилгаж, мэргэжлийн лигүүд, их сургуулиудын тэмцээн болон дунд сургуулийн түвшний сургалтуудыг нэг дээвэр дор нэгтгэхийг зорьж байна.

Байгууллагын нээлттэй зэрэгцэн тус улсын тэргүүлэх мэргэжлийн клубүүд болон эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэсэн “USA Esports Alliance” холбоо байгуулагдлаа.

Холбооны үүсгэн байгуулагч клубүүд: Team Liquid, Cloud9, TSM, 100 Thieves, NRG, FlyQuest болон M80.

Боловсролын түнш байгууллагууд: Лос-Анжелес дахь Калифорнийн их сургууль (UCLA), Кентуккигийн их сургууль, Техасын Христэч их сургууль (TCU) болон Жоржиагийн Технологийн институт.

Энэхүү эвсэл нь тоглогчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэх нэгдсэн стандарт “замнал”-ыг боловсруулахаас гадна өмнө нь салбарын хэмжээнд дутагдаж байсан аюулгүй байдал, дасгал сургуулилтын нэгдсэн хэм хэмжээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

“USA Esports”-ийн удирдлагууд үүнийг “30 жилийн урт хугацааны төсөл” гэж тодорхойлсон. Үндэсний удирдах байгууллагын статус авснаар АНУ нь кибер спортыг төрөөсөө хүчтэй дэмждэг Ази болон Ойрхи Дорнодын орнуудтай дэлхийн тавцанд илүү үр дүнтэй өрсөлдөх боломж бүрдэх юм.

Дотоодын шинэчлэлээс гадна тус байгууллага нь олон улсын тавцанд, тэр дундаа ирэх “Esports Nations Cup” тэмцээнд АНУ-ыг төлөөлөн оролцох төлөвтэй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй