Battlefield 1 Steam дээр дахин “тэсрэлт” хийж, тоглогчдын тоо нь огцом өслөө

by Саруул Батболд
0 comments

Battlefield 1 тоглоом анх худалдаанд гараад арав гаруй жил өнгөрсөн ч тоглогчдын сонирхол буурахгүй байна. Reddit сүлжээний Battlefield цувралын хэлэлцүүлэгт current-seven хэмээх хэрэглэгч Steam дээрх тоглогчдын тоо огцом өссөнийг харуулсан скриншот хуваалцжээ.

Steam Charts-ийн мэдээллээр, уг зураг нийтлэгдэхээс нэг цагийн өмнө 14,000 гаруй хүн идэвхтэй тоглож байсан бол сүүлийн 24 цагийн оргил үзүүлэлт нь 20,000-д дөхсөн байна. Тоглогчдын сонирхол ийнхүү сэргэсэн гол шалтгаан нь Steam-ийн ээлжит хямдрал юм. Уг акцын хүрээнд тоглоомын үнэ 95 хувиар хямдарч, 3-р сарын 19-нийг хүртэл ердөө 1.99 ам.доллароор (ойролцоогоор 6,800 төгрөг) борлуулагдаж байна.

Тоглогчид юу гэж үзэв?

Нийтлэлийн доорх сэтгэгдлүүдэд фанатууд Battlefield 1-ийг олон жилийн дараа ч өндөр үнэлгээтэй байгааг онцолж, дурсамжаасаа хуваалцжээ. Олон хэрэглэгчид тоглоомын:

  • Дайны талбарын бодит мэдрэмж, өвөрмөц уур амьсгал;
  • Дууны гайхалтай дизайн;
  • Дэлхийн нэгдүгээр дайны тухай сэтгэл хөдөлгөм түүхүүдийг нь магтсан байна.

Зарим тоглогчид Battlefield 1-ийг бүх цаг үеийн хамгийн шилдэг анги гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэдний хэлж буйгаар, уг анги амжилт олсны дараа цувралын дараагийн тоглоомууд тоглогчдын таашаадаг байсан зарим элементээсээ холдож эхэлсэн байна.

“Revolution” хувилбарын давуу тал

Хямдралын үеэр зөвхөн үндсэн тоглоомоос гадна Battlefield 1 Revolution багцыг авах нь хамгийн ашигтай байгааг хэрэглэгчид онцолж байна. Энэхүү хувилбарт үндсэн тоглоомоос гадна олон тоглогчийн (multiplayer) шинэ газрын зураг, зэвсэг бүхий дөрвөн том нэмэлт (DLC) багтдаг.

Battlefield 1 нь хуучин тоглогчдоо эргүүлэн татахаас гадна чанартай тоглоом, хүчирхэг түүхийг эрэлхийлж буй шинэ тоглогчдын анхаарлыг ч татсаар байна. Өмнө нь хөгжүүлэгчид тоглоомын ойг тохиолдуулан хэрэглэгчдийн туршлагыг сайжруулах шинэчлэлтүүд гаргаж байсан. Жишээлбэл, найман жилийн ойгоор нь луйврын эсрэг (anti-cheat) систем нэмж байв. Тиймээс ирэх арван жилийн ойгоор нь 3-р сарын энэхүү хямдралаас ч илүү том гэнэтийн бэлэг барьж магадгүй гэсэн хүлээлт тоглогчдын дунд байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй