“Bloober Team” болон “Broken Mirror Games” салбар студи Nintendo Switch 2 консолд зориулсан “ONYX: The Dark Grip” хэмээх сүнстэй аймшгийн шинэ тоглоомоо танилцууллаа. Энэхүү тоглоом нь 2027 онд нээлтээ хийх бөгөөд тоглоомын механикууд нь консолын их биеийн онцлогоос шууд хамаардаг тул зөвхөн гар горимд (handheld mode) тоглох боломжтой байх аж.
Тоглоомын механик ба Switch 2-ын боломжууд
Тоглогч нэгэн зэрэг хоёр дүрийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Нэг нь хөлдүү хотыг судалж, аюултай биетүүдтэй тулалдан, нөөцөө хэмнэх жирийн аялагч бол нөгөөх нь дэлгэцийн цаанаас түүнийг ажиглаж, орчныг өөрчлөн, ухаан санаагаа алдахаас нь хамгаалдаг нууцлаг биет юм.
Сенсор дэлгэцийг ашиглан зүйлсийг зөөх, оньсого таах бол консолыг хазайлгах хөдөлгөөнөөр нууцлаг биетийн тодорхой чадваруудыг идэвхжүүлнэ. Мөн хөгжүүлэгчид микрофоныг ашиглах бөгөөд тодорхой хэсэгт даарч хөлдөж буй дүрийг дулаацуулахын тулд консол руу үлээх шаардлага гарна. Эдгээр үйлдлүүдийг док-стацид залгасан үед хийх боломжгүй юм.
Хөгжүүлэгчид ба тоглоомын концепц
Уг төсөл нь хоёр хэмжээст (2D) хөдөлгөөнийг орон зайн орчин, судалгаа, тулаан болон амьд үлдэх (survival) элементүүдтэй хослуулжээ. “Bloober Team”-ийн тэргүүн Пётр Бабено энэхүү санааг тайлбарлахдаа Switch 2 консолыг зүгээр нэг дэлгэц биш, харин өөр хүний ертөнц рүү харах бодит “цонх” болгон хувиргахыг хүссэн хэмээн ярьжээ.