EA компани 2026 оны 10 дугаар сарын 27-нд “NBA Live Mobile” тоглоомын үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохоор боллоо. Серверүүдийг унтрааснаар тус гар утасны сагсан бөмбөгийн тоглоом бүрэн ашиглагдах боломжгүй болно.
“NBA Live Mobile” нь 2016 онд Android болон iOS үйлдлийн систем дээр гарч байсан билээ. Тоглоомд хэрэглэгчид өөрсдийн бүрэлдэхүүнээ босгож, сагсан бөмбөгчдийн картуудыг цуглуулан, түр хугацааны арга хэмжээнүүдэд (event) оролцох боломжтой байв.
Ойролцоогоор хоёр жилийн өмнө EA уг тоглоомыг цахим дэлгүүрүүдээс татаж, тоглоом доторх төлбөрт худалдан авалтуудыг хаасан юм. Гэсэн хэдий ч өмнө нь татаж суулгасан тоглогчид тоглоомоо үргэлжлүүлэн тоглох боломжтой хэвээр байсан билээ.
Харин 10 дугаар сарын 27-ноос энэ байдал өөрчлөгдөнө. Тоглоом нь онлайн серверээс шууд хамааралтай тул серверүүдийг хаасны дараа тоглогчид өөрсдийн бүрдүүлсэн баг, картын цуглуулга болон тоглоомын бүхий л явц, амжилтаа ашиглах боломжгүй болох юм.
“NBA Live Mobile”-ийг хааснаар EA компани “NBA Live” цувралын хувьд ямар ч идэвхтэй тоглоомгүй үлдэж байна. Тус цувралын “NBA Live 18”-ын онлайн дэмжлэгийг 2024 онд зогсоосон бол “NBA Live 19”-ийн серверүүдийг 2026 оны эхээр бүрмөсөн хаасан билээ.