“Blizzard” компани “BlizzCon 2026” эвэнтийн үеэр “StarCraft” ертөнцөд суурилсан шинэ тоглоомоо албан ёсоор танилцууллаа. Уг төсөл нь нээлттэй ертөнц бүхий шутер жанрынх байх бөгөөд 2030 онд нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Энэ нь тус цувралын уламжлалт бодит цагийн стратеги (RTS) хэв маягаас бүрэн татгалзсан явдал болж байна.
Төслийн удирдагч ба одоогийн байдал
Төслийн хөгжүүлэлтийг “Far Cry 3–6” тоглоомууд дээр ажиллаж байсан “Ubisoft Montreal”-ийн ахмад мэргэжилтэн Дэн Хей ахлан ажиллаж байна. Сонирхолтой нь, ойролцоогоор 20 жилийн өмнө “Blizzard” түүнийг ажилд авахаас татгалзаж байсан бол энэ удаад “StarCraft”-ийг эргэн авчрах багийг ахлуулахаар өөрсдөө санал тавьжээ.
Одоогоор “Blizzard” геймплэй бичлэг эсвэл албан ёсны нэрийг хараахан олон нийтэд үзүүлээгүй байна. Түүнчлэн ямар платформ дээр гарах, гол дүрд хэн байх болон олон тоглогчийн (multiplayer) горимтой байх эсэх нь тодорхойгүй байна.
“StarCraft” шутер хийх 3 дахь оролдлого
Энэ нь “Blizzard”-ийн хувьд “StarCraft” ертөнцөд суурилсан шутер тоглоом бүтээх 3 дахь оролдлого юм. Өмнө нь тус студи “StarCraft: Ghost” төслийг цуцалж байсан бол 2019 онд “StarCraft”-ийн “Battlefield” загвар гэгдэж байсан “Ares” кодтой төслийн ажлыг зогсоож байв.
Дэн Хейгийн энэхүү шинэ төслийн талаарх яриа 2024 оноос эхлэн гарч байсан бөгөөд “Blizzard” ийнхүү оршин байгааг нь албан ёсоор баталгаажуулсан ч шүтэн бишрэгчид нээлтийг нь хэдэн жил хүлээх шаардлагатай болох юм.
