“XSE Pro League 2026” тэмцээнийг зохион байгуулагчид хэсгийн шатны үеэр гарсан бүх алдаа дутагдал, техникийн саатлуудаа хүлээн зөвшөөрч, цахим спортын коммьюнитид хандан албан ёсны мэдэгдэл гаргалаа. Тэд тэмцээний эхний өдрүүдэд гарсан ноцтой “факап” буюу алдаануудаа нээлттэй тайлбарлаж, хэрхэн шийдвэрлэсэн талаараа тайлан тавьжээ.
“Хэсгийн шат өндөрлөх дөхөж буй энэ үед бид тэмцээний явцыг эргэн харж, та бүхэнд хандахаар шийдлээ. Эхний өдөр бид бэлтгэл дутуу хангаснаас үүдэн хэд хэдэн техникийн ноцтой асуудалтай тулгарсан. Үүнээс болж багууд болон үзэгчдэд хүндрэл учруулж, сэтгэгдлийг нь балласандаа бүрэн хариуцлага хүлээнэ.”
— XSE Зохион байгуулах хороо
Шуугиан тарьсан асуудлуудад өгсөн тодорхой хариултууд
Цахим орчинд тоглогчид болон фэнүүдийн дунд хүчтэй шүүмжлэл дагуулаад байсан гол сэдвүүдэд тэд дараах тайлбарыг өглөө:
- CS2 тоглоом суугаагүй байсан шалтгаан: Зарим компьютерууд дээр тоглоом суугаагүй байсан нь SSD дискийн техникийн доголдлоос үүдэлтэй байсан бөгөөд үүнийг шууд сольж шийдвэрлэсэн.
- Цахилгаан тасарсан нь: Хоёр дахь өдөр техникийн асуудлыг зассан ч заалны цахилгаан гэнэт тасарснаас болж сүүлийн тоглолт хойшлогдсон. Тэвчээртэй хүлээсэн үзэгчдэд талархаж байна.
- Тоглогчийн Steam хаяг хакердуулсан уу?: Алдаа гарсан тоглогчийн хаяг болон инвентарийг бүрэн сэргээсэн. Системийг дахин суулгаж, бэлтгэлийн өрөөний PC-үүдийг шинэчилсэн бөгөөд үүнийг хариуцаж байсан Ерөнхий админыг ажлаас нь халсан.
- Тоглогчдын ширээний асуудал: Гараа урагш хэт сунгаж тоглодог тамирчдад ширээний хэмжээ тохироогүй, нарийн байсныг сольж, стандартын дагуу болгосон.
- Англи хэл дээрх дамжуулалтын чанар: Эхний өдрийн техникийн саатлаас болж стрим муу байсан ч одоо чанарыг нь бүрэн засаж, хэвийн болгосон.
- Үнэгүй волонтеруудын цуу яриа: Цахим орчинд тархсан волонтер элсүүлэх зар нь XSE-ийн албан ёсных биш. Үндсэн баг бүгд цалинтай гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд волонтерууд зөвхөн туслах чанарын ажилд тусалж байгаа.
Зохион байгуулагчид үзэгчид болон тоглогчдын итгэлийг эргүүлэн олж авахын тулд плей-оффын шатыг хамгийн дээд түвшинд зохион байгуулахаа амлаж, тэмцээнийг амжилттай дуусгахаа илэрхийлжээ.