CS2 мэргэжлийн тэмцээнүүдийн зуны урт завсарлага тоглогчид болон дасгалжуулагчдын хувьд хүнд бэлтгэлээс түр амарч, хувийн амьдралдаа анхаарал хандуулах алтан боломж болж байна. Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн алдартай кибер спортчид ээлж дараалан ганц бие амьдралдаа цэг тавьж, хуримаа хийсэн бол зарим нь хайртдаа гэрлэх санал тавьжээ.
Домогт “device” гэрлэж, “Astralis”-ын алтан үеийнхэн цуглав
Данийн нэрт кибер спортчин, өдгөө Америкийн “100 Thieves” багийн мэргэн буучаар тоглож буй Николай “device” Ридтц албан ёсоор гэрлэлтээ батлууллаа. Түүний хурим долоодугаар сарын 4-ний Бямба гарагт болж, тэрээр өөрийн насан туршийн хань Ребекка Нильсонтой амьдралаа холбосон байна. Хосууд 2024 оны арванхоёрдугаар сард Тайландад амарч байхдаа сүй тавьж байжээ.
Шинэ хүнээ угтан авах түүхэн мөчид түүнтэй хамт дэлхийн CS-ийн тавцанд олон жил босоо байж, давамгайлж байсан “Astralis” багийн хуучин анд нөхөд нь бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж баяр хүргэсэн нь фэнүүдийнх нь сэтгэлийг ихэд хөдөлгөв.
Хуриманд уригдсан онцлох зочид:
- Хуучин анд нар: “Astralis”-ын алтан үеийн журмын нөхөд болох gla1ve, dupreeh, Magisk болон Xyp9x;
- Өнөөгийн одод: “Astralis” багийн одоогийн тоглогч jabbi, клубын спортын захирал асан Каспер Штраубе;
- Шинэ багийн анд: “100 Thieves” баг дахь түүний одоогийн хамтрагч sirah.
(Ташрамд дурдахад, device нь Astralis багт хоёр өөр цаг үед буюу 2016-2021, 2022-2025 онуудад тоглож байгаад, 2026 оны нэгдүгээр сард 100 Thieves баг руу шилжсэн билээ).
“NertZ” хуримаа хийж, дасгалжуулагч “coolio” сүй тавилаа
Дани мэргэн буучийн араас “G2 Esports” багийн Израил тоглогч Гай “NertZ” Илуз мөн л хуримын товоо зарлаж, нижгэр баяр хийжээ. Кибер спортчны амьдралд тохиосон энэхүү баярт үйл явдлын зургууд сошиал медиагаар дүүрэн цацагдаж, багийн андууд болон хөгжөөн дэмжигчид нь баяр хүргэж, ерөөл өргөсөөр байна.
Энэхүү романтик марафонд дасгалжуулагчдын зөвлөл ч хоцорсонгүй. “FUT” багийн Унгар дасгалжуулагч Андраш “coolio” Ферчак хараахан хуримаа хийгээгүй ч амралтынхаа үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьснаар түүний хайрт нь дуртайяа “Тийм” гэсэн хариуг өгч, сүй тавьцгаажээ.