Capcom компани Resident Evil Requiem тоглоомынхоо ээлжит томоохон амжилтыг зарлалаа. Тус тоглоом худалдаанд гарсан эхний 16 хоногтоо л 6 сая гаруй хувь борлогджээ.
Зомбитой аймшгийн алдарт цувралын ес дэх үндсэн анги ийнхүү франчайзынхаа түүхэнд хамгийн хурдан борлогдсон тоглоом болов. Өмнөх дээд амжилтыг шүүмжлэгчид болон тоглогчдоос өндөр үнэлгээ авсан Resident Evil 4 тоглоомын ремейк хувилбар эзэмшиж байсан юм.
Ийм өндөр амжилтад хүрсэн шалтгаан нь зөвхөн олон платформ дээр гарсан эсвэл техникийн гүйцэтгэл сайтайд байгаа юм биш. Хоёр өөр төрлийн тоглолтын хэв маягийг хослуулсан нь илүү өргөн хүрээний үзэгчдийг татаж чадсан байна.
Леон Кеннедигийн хэсэг нь илүү эрч хүчтэй тулаан дээр төвлөрсөн бөгөөд хэв маягийн хувьд Resident Evil 4-ийг санагдуулна. Харин Холбооны мөрдөх товчооны шинжээч Грейсийн хэсэг нь Resident Evil 7 шиг survival horror (аюултай орчинд бага нөөцтэйгөөр амьд үлдэх аймшиг) төрлийг баримталжээ. Грейс зэвсэг бараг ашигладаггүй, хурдан ядардаг төдийгүй дайсны олон удаагийн довтолгоог тэсвэрлэх чадваргүй тул голдуу нуугдаж тоглох шаардлагатай. Гэхдээ эгзэгтэй үед хариу цохилт өгөх чадвартай аж.
Үүнээс гадна тоглоомд шүтэн бишрэгчдэд зориулсан олон нууц болон өмнөх ангиудын үйл явдлуудын талаарх сануулгууд багтжээ. Хуучин зарим үйл явдлууд энэ анги дээр эцэслэгдсэн ч шинэ нууцууд дахин урган гарч ирсэн байна.
Capcom аль хэдийн томоохон хэмжээний сюжеттэй нэмэлт контент хөгжүүлж байгаагаа баталсан. Мөн тавдугаар сард фото горим болон хөзрийн мини тоглоом нэмэх үнэгүй шинэчлэлт гарах юм байна.