Чили улсын Сантьяго хотноо зохион байгуулагдаж буй “VALORANT Masters Santiago 2026” тэмцээний доод хүснэгтийн хоёрдугаар шатны тоглолтууд өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд болж өндөрлөлөө.
Тэмцээнд үлдээд байсан Хятадын сүүлчийн найдвар “All Gamers” баг “Paper Rex”-д 1:2-оор ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв. Харин Европын багуудын дерби тулаанд “G2” баг “BBL Esports”-ыг 2:0-ээр төвөггүй буулган авлаа.
Ингэснээр доод хүснэгтийн хагас шигшээд “Paper Rex” болон “G2” багууд хоорондоо тулалдахаар болж байна. Дээд хүснэгтийн шувтаргын тоглолт “NS RedForce” болон “NRG” багуудын хооронд өрнөх бөгөөд эдгээр шийдвэрлэх тулаанууд гуравдугаар сарын 13-нд болно.

Тэмцээнээ дуусгасан “All Gamers” болон “BBL Esports” багууд 5-6 дугаар байрт шалгарч, тус бүр 50,000 ам.долларын шагнал хүртлээ. “VALORANT Masters Santiago 2026” тэмцээн хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд нийт шагналын сан нь 1 сая ам.доллар юм.