Венсан Кассель “Valor Mortis” тоглоомд Наполеон Бонапартын дүрийг бүтээнэ

by Саруул Батболд
0 comments

Нэрт жүжигчин Венсан Кассель тун удахгүй HBO сувгийн алдартай “White Lotus” цувралын дөрөвдүгээр бүлгээр үзэгчидтэй уулзахаас гадна “Valor Mortis” хэмээх шинэ видео тоглоомд Наполеон Бонапартын дүрийг бүтээхээр болжээ. Уг төсөл нь нэгдүгээр биеийн харах өнцгөөс тоглодог, Soulslike төрлийн тоглоом юм. Энэ талаар Variety хэвлэл мэдээллээ.

“Xbox Games Showcase” арга хэмжээний үеэр тус тоглоомын албан ёсны трэйлерийг танилцуулсан бөгөөд үүн дээр В.Кассель анх удаа Наполеоны дүрээр гарч ирдэг. Трэйлер дотор тэрээр тоглоомын гол дүр Уильямд хандан шинээр олж авсан ер бусын чадварынх нь талаар анхааруулж, тоглогчдод хандан нэгэн чухал асуултыг тавьдаг байна.

“Чи өөрийн эзэн хааны төлөө юугаа золиослоход бэлэн бэ?”

Тоглоомын тайлбарт дурдсанаар, үйл явдал XIX зууны Европын ер бусын, сүнслэг хувилбарт өрнөх аж. Тоглогчид Наполеоны Агуу армийн (Grande Armée) дахин амилсан цэрэг Уильямыг удирдах болно. Тэрээр Наполеоны эрин үеийн бодит зэвсгүүдийг ашиглахаас гадна нөгөө ертөнцийн сүйтгэх хүчтэй нууцлаг чадваруудыг хослуулан эзэмшсэн байна.

Гарах хугацаа болон хөгжүүлэгчид

“Valor Mortis” тоглоом ирэх 9 дүгээр сарын 24-ний өдөр дараах платформд зориулагдан албан ёсоор нээлтээ хийнэ:

  • PlayStation 5
  • Xbox Series S болон X
  • PC (Steam платформаар)

Мөн тоглоом нээлтээ хийсэн өдрөөсөө эхлэн Xbox Game Pass захиалгын үйлчилгээнд шууд багтах юм байна.

Тус тоглоомыг Польшийн Краков хотын “One More Level” студи хөгжүүлж байгаа бөгөөд эрхийг нь “Lyrical Media” компанийн 2025 онд байгуулагдсан тоглоомын салбар болох “Lyrical Games” компани хариуцан гаргаж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй