“Riot Games” компани League of Legends тоглоомын 173 дахь шинэ дүр болох Locke-ийг “Back from the Brink” нэртэй 2D анімаци бүхий синематик видеоны хамт албан ёсоор танилцууллаа.
Locke нь 2026 онд тус тоглоомын дүрүүдийн жагсаалтад нэмэгдэх цорын ганц баатар болох юм. Хөгжүүлэгчид хуучирсан дүрүүдийн — ялангуяа Shyvana болон Демасиагийн (Demacia) өөр нэгэн баатрын — график болон тоглолтын шинэчлэлд анхаарлаа хандуулах, мөн 2027 онд төлөвлөгдсөн “League Next” хэмээх томоохон шинэчлэлд бэлтгэхийн тулд энэ онд гаргах шинэ дүрийн тоог зориуд ийнхүү хязгаарлажээ.
Шинэ дүрийн онцлог болон чадвар
Locke бол “Ashen Exorcist” хочит чөтгөрийн ангууч бөгөөд олон нийтийн дундах цуу яриагаар тэрээр тоглолтод AP-assassin буюу шидний хүчтэй алуурчны үүргийг гүйцэтгэх аж.
Танилцуулга видеоны үйл явдалд харанхуй хүчин, чөтгөрүүдийн нөлөөнд автсан Vayne болон Locke нарын холбоог харуулдаг. Ширүүн тулааны үеэр Locke харанхуй хүчийг өөртөө шингээдэг нууцлаг гавлын ясыг ашиглан Vayne-ий ухамсарыг чөлөөлдөг байна.
Гарах хугацаа болон тэмцээний дүрэм
Locke-ийн нээлт 2026 оны 6 дугаар сарын 24-ний Лхагва гарагт, тоглоомын 26.13 хувилбарын (патч) шинэчлэлттэй зэрэгцэн гарахаар төлөвлөгджээ.
Хэдийгээр энэхүү шинэчлэлттэй хамт “Mid-Season Invitational” (MSI) олон улсын киберспортын тэмцээн зохион байгуулагдах ч, шинэ дүрийг тэмцээний явцад мэргэжлийн тайзнаа ашиглахыг хаах магадлалтай байна.