Valve компани 9 дүгээр сарын 15-нд “Dota 2” тоглоомын 7.41f балансын шинэчлэлтийг танилцууллаа. Энэхүү шинэчлэлтээр зарим баатар болон айтемуудын үзүүлэлтийг тохируулж, хэд хэдэн алдааг зассан бөгөөд системийн томоохон өөрчлөлт ороогүй байна.
Daedalus, Dragon Lance, Heart of Tarrasque, Octarine Core болон Heaven’s Halberd зэрэг айтемуудын жор илүү үнэтэй болжээ. Түүнчлэн Infused Raindrops, Essence Distiller, Manta Style, Mask of Madness, Mjollnir, Satanic, Shiva’s Guard, Silver Edge айтемуудыг бага зэрэг сулруулсан байна. Төвийг сахигч айтемын “Greedy” шившлэгийн довтолгооны хохирлыг бууруулах үзүүлэлтийг 30/60-аас 35/70 болгон ахиулжээ.
Баатруудын балансын тохиргоо
Энэхүү шинэчлэлтээр Bounty Hunter, Earth Spirit, Treant Protector, Invoker болон Underlord нарт хамгийн их өөрчлөлт орсон юм. Bounty Hunter-ийн Track чадвараас авах нэмэлт алтыг багасгасан бол Earth Spirit-ийн довтолгооны суурь хурд болон Stone Remnant-ийн цэнэгийг цөөрүүлжээ. Treant Protector-ийн суурь үзүүлэлтийг бууруулж, Leech Seed болон Living Armor чадваруудыг нь сулруулсан байна.
Invoker баатрын Cold Snap чадварын дахин ашиглах хугацааг (CD) 18-аас 19 секунд болгож уртасгасан бөгөөд Aghanim’s Shard-тай Ghost Walk-ийн давтамжтай хохирол одоо зөвхөн баатруудад үйлчлэхээр болжээ. Мөн Underlord-ийн Aghanim’s Scepter-тэй Pit of Malice-ийн радиус нэмэгдэхээ больсон ч Fiend’s Gate чадварын дахин ашиглах хугацаа нь хурдан болсон байна.
Бусад засаврууд
Балансын тохиргооноос гадна Roshan, айтем борлуулах систем, Tranquil Boots болон Bane, Bounty Hunter, Elder Titan, Lone Druid, Lina, Spirit Breaker, Timbersaw зэрэг баатруудын чадвартай холбоотой техникийн алдаануудыг зассан байна.