“Үнэгүй Пеле”: EA Sports FC 26 тоглоомд албан бус ДАШТ зохиогдоно

by Саруул Батболд
0 comments

EA компани EA Sports FC 26 болон FC Mobile 26 тоглоомууддаа зориулан олон улсын хөлбөмбөгийн уур амьсгал, шинэ горимууд болон тоглолтын явцын томоохон өөрчлөлтүүдийг багтаасан “The World’s Game” нэртэй аугаа шинэчлэлтийг бэлтгэж байна. Үндсэн шинэчлэлт тавдугаар сарын 28-нд гарсан бөгөөд контентын зарим хэсэг нь зургаадугаар сарын 4-нөөс эхлэн нээгдэх аж.

48 баг өрсөлдөх шинэ тэмцээн

Хамгийн гол шинэ зүйл нь тоглогчид албан ёсны эрх бүхий 50 гаруй үндэсний шигшээ багаас сонгон, 48 баг өрсөлдөх тэмцээнд оролцох боломжтой шинэ турнир горим юм. Сонгох боломжтой багуудын дунд Бразил, Англи, Франц, Босни ба Херцеговина зэрэг шилдэг багуудаас гадна Узбекистан, Кабо-Верде зэрэг харьцангуй бага танигдсан шигшээ багууд багтжээ.

Тэмцээний формат нь бодит амьдралтай хамгийн ойр байх болно:

  • Хэсгийн шатанд баг бүр гурван тоглолт хийнэ.
  • Үүний дараа 1/16 шигшээгээс плей-оффын тоглолтууд эхэлнэ.
  • Хэсэг бүрээс шилдэг хоёр баг дараагийн шатанд шалгарна.
  • Гуравдугаар байрт орсон багуудаас оноо, гоолын зөрүү, оруулсан гоол болон fair play (шударга тоглолт)-ийн дүрмийн нэмэлт үзүүлэлтээр хамгийн сайн нь дараагийн шатны эрхээ авна.

Консол болон ухаалаг утасны хувилбарын онцлогууд

Суурин консол хувилбарын FC 26 тоглоомд Gillette Stadium, BMO Field болон тусгайлан бүтээсэн Central Maw зэрэг шинэ цэнгэлдэх хүрээлэнгүүд нэмэгдэх юм. Үүнээс гадна, хөгжүүлэгчид тоглогчдын санал хүсэлтэд үндэслэн PlayStyles (тоглолтын хэв маяг)-ийн тэнцвэрт байдал зэрэг геймплэйн элементүүдийг сайжруулжээ.

Уламжлалт Ultimate Team горимд шинэ Event Hub болон кампанит ажлуудыг багтаасан “Festival of Football” сэдэвчилсэн арга хэмжээ зохиогдоно. Зургаадугаар сарын 5-наас долдугаар сарын 24-ний хооронд тоглоомд нэвтэрсэн тоглогчид 93 үнэлгээтэй Пелегийн картыг үнэгүй авах бөгөөд “Choose Your Journey” нэртэй гурван эволюци (тоглогч хөгжүүлэлт)-ийг эзэмших боломжтой.

Харан гар утасны FC Mobile 26 хувилбарт хүртээмжтэй байдал болон ахиц дэвшилд гол анхаарлаа хандуулжээ. Шинэчлэлтээр шигшээ багуудын тэмцээний горим, тусгай эвентүүд, шагналууд нэмэгдэх юм. Гэхдээ FIFA-гийн албан ёсны эрх байхгүй тул тэмцээний брэндүүд гэх мэт томоохон танилцуулгын элементүүд хязгаарлагдмал байх аж.

Энэхүү шинэчлэлтийг худалдаанд гаргахаас өмнө EA компани YouTube хуудсаараа дамжуулан тусгай танилцуулга хийж, шинэ горимууд, Quick Match (хурдан тоглолт), PlayStyles-ийн өөрчлөлтүүд болон шинэ UTOTS контентуудыг дэлгэрэнгүй үзүүлсэн байна.

Хэдийгээр ДАШТ-ий албан ёсны брэнд, нэршил байхгүй ч “The World’s Game” шинэчлэлт нь FC 26 болон FC Mobile тоглоомуудын энэ улирлын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болж, олон улсын хөлбөмбөгийг тоглоомын төв шатанд эргүүлэн авчирч байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй