Тоглогчдын 80 гаруй хувь нь “GTA VI”-ийг 100 ам.доллароор худалдаж авахад бэлэн гэжээ

by Саруул Батболд
0 comments

“Rockstar Games” болон “Take-Two Interactive” компаниуд тун удахгүй “Grand Theft Auto VI” тоглоомын албан ёсны үнийг зарлаж, урьдчилсан захиалгыг нээх магадлалтай байна. Үүний үр дүнд энэ цаг үеийн хамгийн их хүлээлт үүсгээд буй тус бүтээлийн үнэ ямар байх талаар геймерүүдийн (геймер — видео тоглоом сонирхогч) дунд хэлэлцүүлэг, маргаан тасрахгүй байна.

Үнийн өсөлт ба салбарын чиг хандлага

Зарим шинжээчдийн үзэж байгаагаар “GTA 6” нь одоогийн стандарт үнэ болох 70 ам.доллароос өндөр байх ёстой аж. Түүнчлэн үнийг 80 ам.доллар буюу түүнээс дээш болгон нэмэх нь тоглоомын салбарт бүхэлд нь нөлөөлж, бусад том компаниуд ч дараагийн төслүүдийнхээ үнийг эргэж харахад хүргэнэ гэж тэд үзэж байна. Харан нөгөө хэсэг нь “Rockstar Games”-ийн хувьд боломжит хамгийн олон худалдан авагчийг татахын тулд уламжлалт үнээ хэвээр үлдээх нь илүү ашигтай гэдэгт итгэлтэй байгаа юм.

Үүнтэй холбогдуулан “Insider Gaming” цахим хуудас тоглогчид үнийн өсөлтөд хэр бэлэн байгааг тандахаар өөрсдийн подкастын сонсогчдын дунд санал асуулга явуулжээ. Тэд хэрэглэгчдээс “GTA 6” тоглоомыг 100 ам.доллароор худалдаж авах уу гэж асуусан байна.

Санал асуулгын дүн тоглоом хэвлэгч компанийн хувьд туйлын эерэг гарчээ. Судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь “Grand Theft Auto” цувралын шинэ ангийн төлөө 100 ам.доллар төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Гэсэн хэдий ч тус компанийн ерөнхий захирал Штраус Зельник (Strauss Zelnick) өмнө нь тоглоомын үнэ 100 ам.доллар болно гэх цуурхлын талаар тайлбар хийхдээ:

“Бидний төлөвлөгөө үүнээс хамаагүй даруухан”

хэмээн тэмдэглэж байсан юм. Тиймээс шүтэн бишрэгчдийн хувьд тоглоомын албан ёсны үнэ зарлагдахыг хүлээх л үлдээд байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй