“Google” компани програмчлалын мэдлэггүй хүмүүст текстийн тусламжтайгаар видео тоглоом бүтээх боломж олгодог “Playground” хэмээх туршилтын платформоо албан ёсоор ажиллуулж эхэллээ. Уг платформ одоогоор АНУ-ын 18-аас дээш насны хэрэглэгчдэд нээлттэй байгаа бөгөөд “Google AI” гишүүнчлэлийн зэрэглэлээс хамаарч тоглоом бүтээх эрх олгогдож байна.
Тоглоомын дүрэм, орчныг чатаар дамжуулан өөрчилнө
Хэрэглэгч өөрийн бүтээхийг хүссэн тоглоомоо энгийн хэлээр бичиж тайлбарлахад “Playground” тухайн санааны эхний туршилтын хувилбарыг шууд бэлтгэдэг. Үүний дараа хэрэглэгч чат болон харилцах цонхоор дамжуулан тоглоомын физик орчин, дүрэм, дүрслэл болон баатруудын хөдөлгөөнийг хүссэнээрээ тохируулах боломжтой.
Түүнчлэн бэлэн болсон төслийг нууцлалын тохиргоотой үлдээх, линкээр дамжуулан найзууддаа илгээх эсвэл платформ дээрх нийтийн галерейд нийтлэх сонголттой. Компьютер болон ухаалаг утасны веб хөтөч дээр ажиллах тус платформын зарим төрлийн тоглоомууд олон тоглогчийн (мультиплеер) горим болон манлайлагчдын самбарыг дэмждэг байна.
“Unity Spark”-тай хамтран илүү нарийн 3D тоглоом хөгжүүлнэ
Түүнчлэн Google компани илүү ахисан түвшний тоглоом бүтээхэд зориулж “Unity Spark” хэрэгсэлтэй интеграци хийж байгаагаа зарлав. Энэхүү шийдэл нь “Unity” хөдөлгүүрийн боломжуудыг ашиглан 3D орчинд илүү нийлмэл, нарийн бүтэцтэй тоглоом бүтээх боломжийг олгох юм.
Одоогоор туршилтын шатанд байгаа “Unity Spark”-ийн хаалттай бета хувилбарыг тун удахгүй гаргахаар төлөвлөжээ. Google-ийн зүгээс Playground болон Unity Spark-ийг хослуулснаар энгийн текстийн санаанаас эхлэн бүрэн хэмжээний тоглоом бүтээх цогц шийдэл болно гэж үзэж байна.
