“Alinea Analytics” компанийн гаргасан судалгаагаар “EA Sports FC 27” тоглоом худалдаанд гараад гурав хүрэхгүй долоо хоногийн дотор 7.9 сая хувь борлогдож, 714.1 сая ам.долларын орлого олжээ. Ингэснээр тус хөлбөмбөгийн симулятор нь 2026 оны хамгийн ашигтай шинэ тоглоомоор албан ёсоор тодорлоо. Түүнчлэн орлогын хэмжээгээрээ энэ онд нээлтээ хийсэн “Resident Evil Requiem” (558 сая ам.доллар) болон “Forza Horizon 6” (534 сая ам.доллар) зэрэг томоохон төслүүдийг хол орхисон байна.
Борлуулалтын бүтэц ба тоглоом доторх худалдан авалт
Нийт борлогдсон тоглоомын дийлэнх буюу 77.1 хувийг “PlayStation” хэрэглэгчид худалдан авсан бол “Xbox” платформ 15.9 хувийг, “Steam” суваг 7 хувийг тус тус бүрдүүлсэн байна. Мөн тус тоглоомын нийт орлогын 12.1 хувь буюу 86.4 сая ам.долларыг тоглоом доторх микротранзакци болон нэмэлт худалдан авалтаас төвлөрүүлжээ.

Консолын өсөлт ба “GTA 6”-ийн нөлөө
Өмнөх оны “FC 26” тоглоомтой харьцуулахад шинэ хувилбарын борлуулалт ижил хугацаанд 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Тухайлбал, PS5 платформ дээрх орлого 323.6 саяас 506.7 сая ам.доллар болж огцом нэмэгдсэн бол хуучин PS4 хувилбарын орлого 146.1 саяас 67.2 сая ам.доллар хүртэл буурсан байна. Аналитикийн мэргэжилтнүүд ирэх арваннэгдүгээр сард хүлээгдэж буй “GTA 6” тоглоомын нээлтийг угтан тоглогчид шинэ үеийн консол руу олноор шилжиж байгаа нь PS5 дээрх борлуулалтыг дэмжсэн гэж дүгнэжээ.
“Консолын эрин үе дуусаагүй” гэдгийг батлав
Xbox One платформын хувьд борлуулалт харьцангуй тааруу байсан бол Steam суваг спортын тоглоомуудын хувьд туслах чанарын платформ хэвээр байна. Гэсэн хэдий ч нийт борлуулалтын 93 хувийг зөвхөн консолууд бүрдүүлсэн нь салбарт яригддаг “консолын эрин үе дуусаж байна” гэх мэдэгдлийг няцааж байгааг “Alinea Analytics” онцолсон юм.