Хөлбөмбөгийн шинэ симулятор болох EA Sports FC 26 тоглоомд “FIFA World Cup 2026” тэмцээний албан ёсны лиценз багтахгүй бөгөөд үүний оронд хөгжүүлэгчид өөрсдийн олон улсын тэмцээн бүхий томоохон хэмжээний шинэчлэлтийг бэлдэж байна. Энэ талаар “Soccer Gaming” портал мэдээллээ.
Хэдийгээр EA Sports компанийн зүгээс тоглоомын консол хувилбарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан өгөөгүй байгаа ч шинэчлэлтийн тухай мэдээллүүд App Store болон Google Play дахь FC Mobile хуудаснаа нийтлэгджээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэхүү ижил төстэй хувилбар нь “The World’s Game” нэртэйгээр гарах бөгөөд үүнд ижил нэртэй дэлхийн хэмжээний тэмцээн багтах аж.
Шинэ багууд болон тоглоомын форматууд
Тоглоомд албан ёсны лицензтэй 50 гаруй үндэсний шигшээ баг шинээр нэмэгдэх юм байна. Албан ёсоор батлагдсан эхний баг нь Бразилын шигшээ болсон бөгөөд бусад багуудыг шинэчлэлт гарах дөхөх үед зарлах гэнэ. Үндэсний шигшээ багуудаар дараах форматаар тоглох боломжтой:
- Найзуудтайгаа хурдан тоглолт хийх;
- Бусад тоглогчидтой цахимаар өрсөлдөх;
- Ultimate Team горимд тоглох.
Урьдчилсан мэдээллээр, EA Sports FC 26 тоглоомын консол хувилбар нь тэмцээний горимын хувьд яг ижил функц, боломжуудтай байх аж.
Шинэчлэлт хэзээ гарах вэ?
FC Mobile-д зориулсан “The World’s Game” шинэчлэлт ирэх долоо хоногийн лхагва гарагт гарах гэж байна. EA Sports FC 26 тоглоомын албан ёсны нээлтийн огноо одоогоор тодорхойгүй байгаа ч консолд зориулсан сэдэвчилсэн шинэчлэлт мобайл хувилбартайгаа зэрэгцэн буюу ирэх долоо хоногт гарч магадгүй байна.