2026 оны 11 дүгээр сард гарахаар хүлээгдэж буй “Grand Theft Auto 6” тоглоомын нээлт олон тоглоом хэвлэгчдийг төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэж байна. Ихэнх компаниуд “Rockstar Games”-ийн салбартаа шинэ рекорд тогтоох магадлалтай уг аварга төсөлтэй шууд өрсөлдөхөөс зайлсхийж, өөрсдийн тоглоомын нээлтийг 9 дүгээр сар руу эсвэл бүр 2027 он хүртэл хойшлуулж байгаа юм. Гэвч нэгэн төсөл энэхүү сорилтыг зоригтойгоор хүлээн авахаар шийджээ.
IGN Live арга хэмжээний гэнэтийн бэлэг
Саяхан буюу 6 дугаар сарын 6-нд зохион байгуулагдсан “IGN Live” танилцуулгын үеэр “Barbie Rewind” төслийг албан ёсоор зарласан байна. Хамгийн гол гэнэтийн явдал нь түүний нээлтээ хийх хугацаа байв. Уг цуглуулга тоглоом 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зах зээлд гарахаар болсон бөгөөд энэ нь 11 дүгээр сарын 19-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн “GTA 6” тоглоомоос яг долоо хоногийн өмнө гэсэн үг юм. Ингэснээр тус тоглоом “Rockstar”-ын супер хиттэй нэг сард гарч буй одоогоор цорын ганц төсөл болж байна.
Цуглуулгад юу багтсан бэ?
Ретро тоглоом сонирхогчдод зориулсан энэхүү тусгай хэвлэл нь дараах бүтээлүүдийг багтаажээ:
- 1991-2007 оны хооронд гарч байсан Барбигийн тухай 16 тоглоом;
- “Super NES” болон “Sega Genesis” платформд зориулагдсан сонгодог тайтлууд;
- Өмнө нь хэзээ ч хэвлэгдэж, олны хүртээл болж байгаагүй нэг шинэ тоглоом.
Тоглоомуудын нээлтийн хуанли дахь ийм зоримог зэрэгцэн оршилт нь сошиал медиад маш хурдан хугацаанд хүчтэй давалгаа үүсгэлээ. Хоёр тоглоомын зорилтот үзэгчид болон төрөл жанр нь эрс тэс ялгаатай хэдий ч тоглогчид эдгээр төслийг хошигнон хооронд нь сөргөлдүүлж, янз бир бүрийн сонирхолтой мем, постуудыг хөврүүлсээр байна.