Sony-ийн шинэ хязгаарлалт геймерүүдийн бухимдлыг төрүүлэв: Интернэтгүйгээр тоглох боломжгүй болох уу?

by Саруул Батболд
0 comments

Сүүлийн өдрүүдэд Sony-ийн шинэ DRM (Digital Rights Management — дижитал эрхийн удирдлага) системийн талаарх цуу яриа цахим ертөнцөд хүчтэй өрнөж байна. Уг систем нь консолыг тогтмол интернэтэд холбохыг шаардах бөгөөд эхэндээ хэрэглэгчид үүнд эргэлзэж байсан ч PlayStation үүнийг хэсэгчлэн баталсан нь нөхцөл байдлыг улам тодорхойгүй болголоо.

Мэдээллээс үзвэл, PlayStation 4 болон PlayStation 5 консолууд дээр дижитал тоглоомын эрхийг 30 хоног тутамд шалгадаг систем ажиллаж эхэлжээ. Хэрэв консол энэ хугацаанд интернэтэд холбогдоогүй бол зарим тоглоомуудыг интернэтэд дахин холбогдох хүртэл ажиллуулах боломжгүй болох юм байна.

Энэхүү шийдвэр нь өөрийн мөнгөөр худалдаж авсан, ялангуяа ганцаарчилсан (single-player) тоглоомуудад хязгаарлалт тогтоож буйд геймерүүд ихээхэн бухимдаж, үүнийг шударга бус үйлдэл гэж үзэж байна. Гэхдээ энэ шинэчлэл нь зөвхөн гуравдугаар сарын системийн шинэчлэлээс хойш худалдаж авсан дижитал тоглоомуудад хамааралтай болохыг тодотгожээ.

Дараа нь тусламжийн албанаас өгсөн зарим мэдээллээр 30 хоногийн хугацаа дууссан ч тоглоомууд ажилласан хэвээр байж магадгүй гэх зөрүүтэй тайлбар гарсан байна. Sony компани одоогоор албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байгаа нь хэрэглэгчдийг улам төөрөгдүүлж байгаа бөгөөд зарим тоглогчид тус компанийн дижитал тоглоомуудыг худалдаж авахгүй байхыг (бойкотлох) хэдийнэ уриалаад эхэлжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй