“Electronic Arts” компани холимог тулааны “UFC” цувралын зургаа дахь ангийг албан ёсоор танилцууллаа. Шинэ тоглоом ирэх зургаадугаар сарын 19-нд PlayStation 5 болон Xbox Series X/S консолууд дээр худалдаанд гарахаар товлогджээ.
Тоглоомын стандарт хувилбар 69.99 ам.долларын үнэтэй байх бол “Ultimate Edition” хувилбар нь 99.99 ам.доллароор борлуулагдах аж. “Ultimate Edition”-ийг худалдан авсан тоглогчид тоглоомыг албан ёсны нээлтээс долоо хоногийн өмнө тоглох давуу эрхтэй болох юм байна.
Стандарт хувилбарын хавтасны нүүрийг “UFC”-ийн дунд жингийн аварга асан, одоогийн хагас хүнд жингийн хаан Алекс Перейра чимэхээр болжээ. Харин “Ultimate Edition”-ий хавтаснаа ММА-ын амьд домог, хагас хөнгөн жингийн аварга асан Макс Холловей залрах юм.
“Ultimate” хувилбарт дараах нэмэлтүүд багтсан байна:
- Fighter Pass: Нийт найман домогт тулаанчийг багтаасан бөгөөд хоёр нь нээлтийн үеэр, үлдсэн зургаа нь дараа нь тоглоомд нэмэгдэх аж.
- Expansion Pass: 2026 оны өвөл болон 2027 оны зун гарах хоёр том өргөтгөлийг (expansion) багтаасан. Үүнд шинэ горим болон бусад контентууд орох юм байна.
- VIP Pass: Тамирчдын таван скинь, зургаан гоо сайхны (cosmetic) хэрэглэл, гурван эможи болон тоглоомын явцыг хурдасгах урамшуулал багтжээ.
- Rivalry Bundle: Хоёр скинь болон 500 “UFC” оноо.
Мөн “EA Sports”-ийн мэдээлснээр, аль ч хувилбарыг урьдчилан захиалсан тоглогчид “Iconic Moments Bundle” багцыг бэлгэнд авах бөгөөд үүнд “Солонгос Зомби” (Korean Zombie), Миша Тейт болон Леон Эдвардс нарын скинь багтсан байна.