Цуцлах үед тусгай санал гарч ирж байна
Sony Interactive Entertainment PlayStation Plus үйлчилгээнээс гарах гэж буй зарим хэрэглэгчдэд хувийн хөнгөлөлт санал болгож эхэлсэн байна. Reddit дээрх мэдээллүүдээс харахад, санал нь захиалга цуцлах үйл явцын төгсгөлд гарч ирдэг бөгөөд хэрэглэгчийг үлдээх сүүлийн оролдлого болж байгаа аж.
Ихэвчлэн Extra болон Premium багцын хэрэглэгчид ийм санал харсан гэж бичжээ. Заримд нь гурван сарын Extra багцыг тал үнээр авах боломж санал болгосон бол жилийн Premium багц дээр 25 хувийн хөнгөлөлт үзүүлсэн тохиолдол ч байна. Харин Их Британийн нэгэн хэрэглэгч 33 хувийн хөнгөлөлт харсан гэж мэдээлсэн нь Sony уян хатан үнэ туршиж байж магадгүй гэсэн таамгийг үүсгэжээ.

Дисктэй холбоотой маргаан үргэлжилж байна
Олон тоглогч PlayStation Plus захиалгаа цуцалж буйгаа Sony-ийн физик дискнээс татгалзах төлөвлөгөөг эсэргүүцэж байгаатай холбон тайлбарлаж байна. Компани бараг долоо хоногийн турш нийгмийн сүлжээнд шинэ нийтлэл оруулаагүй бөгөөд 7-р сарын 7-нд FlexStrike утасгүй аркад контроллерын бичлэгээр эргэн иржээ.
Гэвч уг төхөөрөмжийн талаарх хэлэлцүүлэг хурдан өөр сэдэв рүү шилжиж, хэрэглэгчид оптик диск уншигчийг хадгалахыг шаардаж эхэлсэн байна. Тухайн нийтлэл олон мянган лайк, хэдэн арван мянган сэтгэгдэл цуглуулжээ.
Мөн Канадын PNP Games сүлжээ физик тоглоомын хувилбараас татгалзахыг эсэргүүцсэн өргөдөл эхлүүлсэн бөгөөд 7-р сарын эх гэхэд 40 мянгаас дээш хүн гарын үсэг зурсан байна.
Reddit дээрх сэтгэгдлүүдээс харахад, зарим тоглогч хямдралтай санал авсан ч захиалгаа цуцалсан хэвээр байна. Sony-ийн энэ арга хэмжээ өргөн хүрээнд хэрэгжих бодлого болох уу, эсвэл зөвхөн тодорхой аккаунтуудад зориулсан түр туршилт байх уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.