Бодит амьдрал дээрх PUBG: Тоглоом хөгжүүлэгчид реалити-шоу эхлүүлнэ

by Саруул Батболд
0 comments

“PUBG Mobile”-ийн хөгжүүлэгчид тоглоомын түүхэн дэх анхны реалити-шоуг (бодит амьдрал дээрх тэмцээнт нэвтрүүлэг) зарлаж, шүтэн бишрэгчдээ гайхшрууллаа. “Tencent” компани цахим спорт болон бодит амьдрал дээрх амьд үлдэх тэмцлийг хослуулсан “PUBG Mobile Trial of Fire” хэмээх өвөрмөц төслийг танилцуулсан байна.

Албан ёсны мэдэгдэл тавдугаар сарын 21-нд тоглоомын олон нийтийн сүлжээгээр цацагдсан бөгөөд шоуны нээлт 2026 оны тавдугаар сарын 30-нд болохоор товлогджээ. Ойрын хугацаанд тус төслийн албан ёсны трэйлер эсвэл тизер (богино танилцуулга бичлэг) гарах хүлээлттэй байна.

Шоуны нэрийг тоглоомын 4.4 хувилбарын шинэчлэлтээр орж ирсэн “Trial of Courage” хэмээх шинэ механикаас сэдэвлэсэн байх магадлалтай юм. Энэхүү горимд тоглогчид Erangel мап дээр зургаан төрлийн сорилтыг давж байж Crown Adobe руу нэвтрэх эрх авдаг бөгөөд тэнд Helios хэмээх кентавр (хүн-морь биетэй домгийн баатар) төрлийн босстой тулалддаг байна.

“PUBG Mobile Trial of Fire” шоунд дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 16 баг оролцох юм. Шоуны зураг авалт Индонезийн хамгийн үзэсгэлэнтэй арлуудын нэг болох Балид хийгджээ.

Бодит амьдрал дээрх Battle Royale

Оролцогчид зөвхөн тоглоомоор өрсөлдөхөөс гадна бодит амьдрал дээрх хүндхэн сорилтуудыг давах шаардлагатай болно. Тэд Battle Royale (олон тоглогч зэрэг тэмцэлдэж, ганц нь амьд үлддэг тоглоомын төрөл) нөхцөлд өөрсдийн тактик, амьд үлдэх чадвар болон хүсэл зоригоо сорих аж.

Энэхүү шоуны формат нь PUBG Mobile тоглоомын элементүүдийг сонирхолтой үйл явдал, драма болон бодит сорилтуудтай хослуулснаар тоглоомын фанатуудад зориулсан энтертайнмент контентын цоо шинэ өнгө төрхийг бүрдүүлж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй