BLAST Premier тэмцээн 2027 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдана

0 comments

BLAST болон Монголын Электрон Спортын Холбоо (MESA) нар 3 жилийн хугацаатай Санамж бичигт гарын үсэг зурж, “BLAST Premier Open” тэмцээнийг 2027 оноос 2029 он дуустал жил бүр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 9 дүгээр сарын 2-нд болж, BLAST-ийн дэд ерөнхийлөгч Жеймс Вуллард оролцсон бөгөөд энэ нь Төв Азийн бүс нутгийг дэлхийн Tier-1 түвшний кибер спортын календарьт анх удаа тогтмол байршуулах түүхэн үйл явдал болж байна.

Сонгон шалгаруулсан шалтгаан ба Монголын кибер спортын хөгжил

Монголын “The MongolZ” баг 2025 оны “BLAST Austin Major” тэмцээний финалд үлдсэн нь дэлхийн анхаарлыг татсан билээ. BLAST-ийн дэд ерөнхийлөгч Жеймс Вуллард тэмдэглэхдээ, Монголын нийт хүн амын 5 гаруй хувь нь өмнөх BLAST-ийн шууд дамжуулалтыг үзсэн бөгөөд дүүрэн үзэгчтэй арена, идэвхтэй сонирхогчид болон олон жилийн турш бүрэлдсэн экосистем нь Улаанбаатарыг сонгох гол шалтгаан болсон гэжээ.

MESA-гийн ерөнхийлөгч Цагааны Мөнхтүвшин: “Азид болдог томоохон тэмцээнүүд цөөн хэдэн газарт л төвлөрдөг байсан бол одоо Улаанбаатар хот энэ зураглалд багтлаа. Ирэх гурван жилд манай нийслэл Азийн кибер спортын гол төвүүдийн нэг болох боломжтой” хэмээн онцлов. Харин “The MongolZ” багийг үүсгэн байгуулагч Лхагвасүрэнгийн Түвшинбилэг Монгол улсад ийм хэмжээний тэмцээнийг зохион байгуулах чадвартай тоглогчид, баг болон холбоо байгааг дурдлаа.

Тэмцээний формат ба шагналын сан

BLAST Premier Open Ulaanbaatar” тэмцээн 2027 оны 5 дугаар сарын 10-наас 23-ны өдрүүдэд “Степпе Арена”-д явагдана. 16 шилдэг баг хоёр долоо хоногийн турш LAN форматаар өрсөлдөх бөгөөд нийт шагналын багц нь 1,250,000 ам.доллар (500,000 ам.доллар нь шагналын сан, 750,000 ам.доллар нь багуудын олголт) байх юм.

Тэмцээний урилгыг дэлхийн VRS чансаа болон BLAST Premier-ийн бүсийн сонгон шалгаруулалтаар олгох ба 2 эрхийг Азийн сонгон шалгаруулалтад тусгайлан нөөцөлжээ. 2027 оны BLAST Premier-ийн хуваарьт Улаанбаатараас гадна Рио де Жанейро, Сингапур, Хонконг болон Мальта хотууд багтсан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй